МХБХ-ны Зөвлөлийн хурал шигшээ багуудын бэлтгэлийн баазад боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Монголын хөлбөмбөгийн холбооны Зөвлөлийн ээлжит хурал 2021 оны наймдугаар сарын 4-ний өдөр Төв аймаг дахь Шигшээ багуудын бэлтгэлийн төвд амжилттай болж өнгөрлөө.

Тус хурлаар үндэсний шигшээ багийн ДАШТ-ий урьдчилсан шатанд түүхэндээ анх удаа оролцож, хэсгийнхээ дөрөвдүгээр байрт орж, Азийн АШТ-ий урьдчилсан гуравдугаар шатанд шалгарсан амжилтыг дүгнэн, шигшээ багийн албаныхан тайлангаа танилцуулав.

Түүнчлэн шигшээ багийг сүүлийн тоглолтод нь Киргизийн эсрэг удирдан ялалт байгуулсан Япон дасгалжуулагч Масэ Шюүчи өөрийгөө Зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хамтран ажиллах шигшээ багийн арын албаны бүрэлдэхүүн болон цаашид авч хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм.

Мөн энэ онд Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Эрдэнэбатыг томиллоо.

Шигшээ багуудтай холбоотой өөр нэгэн шийдвэр гарсан нь Монголын шигшээ багуудын өмсгөлийг дотооддоо өнгө загвар, чанараараа тодорч чадсан үндэсний үйлдвэрлэгч TG SPORT-оор хийлгэхээр болсныг дуулгахад таатай байна.

Урьд өмнөхөөс оройтож шинэ улирлаа эхлүүлсэн ч Үндэсний дээд лигийг 2 тойргоор, Нэгдүгээр лигийг 1 явагдаж эхний 4 баг аваргын төлөө дахин нэг тойрог тоглох, Хоёрдугаар лигийг мөн адил журмаар, Эмэгтэйчүүдийн лигийг 1 тойрог, 19 хүртэлх насны цомын тэмцээнийг тус тус явуулах 2021 оны талбайн улирлын хуанлийг баталлаа.

Эдгээр зүйлстэй нийлээд нийт 15 зүйлсийн талаар хэлэлцэж баталсан үр бүтээлтэй хурал болж өнгөрлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top