Санаатай, санаандгүйг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах кнопын тоо 18, 19 хүрсэн тухай дахиад шуугиулж эхэллээ. Зарим мэдээллийн хэрэгсэлд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын өгсөн гэх мэдээлэл гарчээ. Түүнд дурдсанаар бол АН-ын санаачилсан Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсгээ зурсан УИХ-ын гишүүдийн нэрсийг нууцалж байгаа аж. Бас гарын үсгээ зурсан, зурахаа илэрхийлсэн хүний тоо багцаагаар 19 хүрчихсэн юм байх. МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд гарын үсгээ зурна гэж үгссэн болохоор ийм олон болсон гэнэ. Учир нь, АН өдгөө УИХ-д 11 суудалтай байгаа шүү дээ. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж бий.
Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн бусад гишүүдээс тодруулахад Засгийн газрыг огцруулах бичигт албан ёсоор 10 орчим гарын үсэг байгаа гэнэ. Гарын үсгээ зурна гэж ил тод үгсэж, тохиролцсон эрх баригч намын гишүүдийн тухай ч мэдээлэл олдсонгүй. Мөн АН доторх үйл явдлыг тойруулаад харахаар Д.Ганбатын ярианд итгэх аргагүй байна. Монтенийн нэгэн эсээнд “Иргэний дайны хамгийн зовлонтой нь нөхөр, дайснаа ялгахад бэрх байдаг нь юм” гэсэн байдаг. Үүн шиг АН өдгөө Улсын Дээд шүүх дээр С.Эрдэнэ гэдэг даргатай байгаа боловч нийгэмд М.Тулгат, О.Цогтгэрэлийн хэмээх хоёр салчихсан харагдаж байгаа. Үүний дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын 100 мянган жирийн гишүүний гарын үсгийг цуглуулах замаар намаа нэгтгэх, улмаар удирдлагаа сонгох асуудлыг бариад авсан явж байна. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар ч ил далд ноцож, өөр өөрсдийн хүмүүсийг сойж байгаа тухай дуулдах боллоо. Жирийн иргэд байтугай АН-ын гишүүд ч дарга удирдлага нь чухам хэн болох вэ гэдэгт эргэлзчихээд байна. Ийм нөхцөлд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гэгч нөхөр хэн болж таарах вэ. Ялангуяа Засгийн газрыг огцруулах хэмжээний эрх мэдлийг зангидаж чадах нөхөр болж чадах уу гэсэн асуулт ч хариултаа хүлээнэ. Бас МАН-ын хэсэг бүлэг гишүүд түүнтэй тохиролцох тухай яриад, магадгүй Засгийн газраа унагаах бичигт гарын үсгээ зурсан гэхэд итгэх арга алга даа. Тэр байтугай санал хураалт болдог юм гэхэд АН-аас УИХ-д байгаа арваад хүний хэд нь кнопоо дарах нь ч бүдэг байна.
АН-ын энэ олон салж бутарсан ханлигууд харин одоогийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тохиролцох аянд тус тусдаа мордсон гэдэгт бол эргэлзэх хэрэггүй. Нэг талаас Засгийн газрын тэргүүн өөрийнхөө албан тушаалын байр суурийг хамгаалах шаардлагатай байгаа бол, энэ намын суртал ухуулгын машин, эрх мэдлийн нөлөөн дунд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэл АН-ын аль ч салангид хэсэгт бий. Ийм ч байдалтай байгаа болохоор өнгөрсөн жил гаруйн хугацаанд МАН дотор байгаа зарим гишүүд л сөрөг хүчний үүргийг гүйцэтгэлээ. Харин АН нь дотоод зөрчлөө ч зориглоод шийдчихэж чадахгүй, бүлх залгисан мэт л байв. Уг нь МАН дотор бол Засгийн газраа огцруулах давлагаа үүсчихсэн гэх юм билээ. Улс оронд нүүрлэсэн олон хямралд хариуцлага тооцох, намынхаа нэр хүндийг босгох шалтгаан бий. Дээр нь муухайгаар хэлбэл Зүүний хүчний холбооноос бусад бүлэг, фракцууд эрх мэдэлд хүрэх, дараагийн ээлж нь “хоолондоо орох” гэх мэтээр тоочиж болно. Тэд энэ хүслээ гүйцээе гэвэл цөөхөн хүнтэй, тарж бутарсан АН-ын тэр бүтэлгүй бичигт биш өөрсдөө шинэ юм санаачилбал бараг нэрэнд нь цэвэр, илүү тооцож болохоор байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
засгийн хэдэн хорчин нөхдүүдийг зайлуулж цэвэрлэх хэрэгтэй. Номин уртнасан гэх мэт
АН-Н АЛИА САЛБАДАЙНУУДЫГ ХЭН ТООЖ СОНСОХ ЮМ БЭ??? НОХОЙ Ч ТООЖ ХУЦАХГҮЙ БОЛСОН ДОО.............
Ж.Баяр яс хаяад байх шиг байна.Хятадууд монголыг Монголоор нь дарж, даруулж,дарлаж байсан түүх мартагдахгүй байна
Bvvvvr ulairchtooni hoinoos yawj ugch bnadoo yum hiihees ilvvyum idsen nuhud yu hiiw gej hiideg bol tsuuhvvĺee baisan bolomj ni baigaa bizdee hoorondoo uchraa oloogvi baij ulsiighugjvvleh yul boldoo
Өөрийнхөө Намыг самарсан Эрдэнээгээ огцруулж дийлэхгүй байж, МАН-ын ЗГ-ыг огцруулж чадах уу.
Ан чимээгүйхэн байвал дээрдээ ухаж гаргаад ч олигтой хүнгүй болсон шинэ боловсон хүчнээр хүчээ сэлбэ