Чөлөөт бөх: ОХУ-ын олимпын медальтнууд ДАШТ-д оролцохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ баг Токиогийн олимпын дараах анхны цугларалтдаа гарлаа. Сочид болж байгаа тус цугларалтын үеэр шигшээ багийн ахлах дасгалжуулагч Замболат Тедеев сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Бэлтгэлд олимпын багийнхан оролцож байгаа юу?

-Токиогийн олимпын багийнхнаас бусад нь цугларалтдаа гарсан. Олимпын баг Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар бэлтгэж байна. Ерөнхийлөгчтэй уулзахын тулд 10 хоног карантинд суух ёстой. Бусад тал дээр бүх юм төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

-Олимпын баг карантинд бэлтгэл хийх боломжтой юу?

-Одоохондоо энэ асуултад хариулж чадахгүй нь.

-Тэд дэлхийн аваргын тэмцээнд оролцох уу?

-Хэрэв олимпын аварга болон медальтнууд ДАШТ-д оролцохыг хүсвэл оролцуулна. Хүсэхгүй бол амарч л байг. Тэд энэ жилийн гол зорилгоо биелүүлсэн тул амралтаа авах эрхтэй.

-ДАШТ-ий өмнө тэмцээн зохион байгуулах уу?

-Тэмцээн хийхгүй. Шигшээ багаа бид халз барилдаанаар тодруулна.

-Халз барилдаанд ямар бөхчүүд оролцох вэ?

-Хэн нь ямар формтой байгааг мэдэхгүй байгаа болохоор одоохондоо нэрлэхэд эрт байна. Зарим жинд хоёр бөх, заримд нь 4-5 бөх барилдуулна. ДАШТ-ий өмнө хоёр цугларалттай. Халз барилдааныг есдүгээр сарын 20-ноос хойш зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top