Токиогийн олимпын наадамд Киргизийн эмэгтэй чөлөөт бөхийн баг тамирчид тун амжилттай оролцсон. Нийт гурван бүсгүй барилдсанаас хоёр нь медалийн тавцанд гарсан юм.
Айсулуу Тыныбекова мөнгөн медаль авсан бол Мээрим Жуманазарова хүрэл медаль хүртэж, Айпери Медет шагналт тавдугаар байрт шалгарсан. Маш том амжилт. Токиогоос ирснээс нь хойш тэдэнд шагналын хур бууж, хэвлэл мэдээллээр байнга гарах болсон. Харин одоо Киргизийн чөлөөт бөхийн холбооноос алдарт тамирчдаа Оддын өвчнөөс хамгаалах арга хэмжээ авч эхлээд байгаа гэнэ.
Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Нурбек Изабеков Sport Aki Press-т ярилцлага өгөхдөө “Өндөр амжилт гаргасан тамирчин бүр Оддын өвчин тусдаг. Телевизээр үргэлж магтуулаад үнэтэй байр, машин бэлгэнд аваад байхаар хэн ч биеэ тоож эхлэнэ. Яг одоогийн байдлаар манай эмэгтэй бөхчүүд ийм өвчинд “нэрвэгдээд” байна. Эмэгтэйчүүд магтаал сайшаалд эрчүүдээс илүү дуртай. Гэхдээ тэдний алхам бүрийг Холбоо, дасгалжуулагчдын баг, нийгэм, олон нийт хянаж байна. Бид тэдний үйлдэл болгоныг харж байгаа” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )