П.Дэлгэрбаяр Оошёоүма нэрээр барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Өчигдөр Кокүгикан ордонд Японы сүмо бөхийн холбооны шинэ бөхийн шалгалт болж, нийт таван бөх эрүүл мэндийн үзлэгт орсон. Тэдний дунд 2020 оны Оюутны ёкозүна Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр байлаа. Тэрээр Монголоос төрсөн хоёр дахь Оюутны ёкозүна цол хүртсэн бөх. Анхных нь 2016 оны Оюутны ёкозүна Баасансүрэнгийн Төрболд буюу Миторюү билээ. Оюутны ёкозүна бөх мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрхтэй.

П.Дэлгэрбаяр Болгарын Котоошюүгийн удирддаг Нарүто дэвжээнд элсээд байгаа бөгөөд 11 сарын тэмцээнээс мэргэжилд барилдаж эхлэх юм.

Нарүто ояката буюу озэки асан Котоошюү шинэ шавийнхаа шикона нэрийг зарлалаа. П.Дэлгэрбаяр Оошёоүма нэрээр барилдана. Оо гэдэг нь Котоошюүгийн нэрний Оо ханз бол Шёог мөн багшийнхаа хоёр дахь нэрнээс авсан байна. Харин сүүлийн Үма гэдэг ханз нь морь гэсэн утгатай. Нарүто ояката “П.Дэлгэрбаярын гэр адуутай гэж сонссон болохоор нэрэнд нь морь гэсэн ханз оруулж өгсөн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top