Японы сүмо бөхийн холбооны хэвлэл, мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма коронавирусний халдвар аван эмчлүүлсэн комүсүби Ичиножёог Намрын тэмцээнд барилдаж болно гэж мэдэгдлээ.
Ичиножёо наймдугаар сарын 23-наас 26 хүртэл үргэлжилсэн хамтарсан бэлтгэлд оролцсон. Бэлтгэл дууссаны маргааш нь буюу 27-нд шинжилгээ өгч, хариу нь эерэг гарсан. Тиймээс тус бэлтгэлд хамрагдсан бөхчүүдээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан билээ.
Шибатаяма ояката “Одоогийн байдлаар эдгэрсэн эсвэл эмчлүүлж байгаа нь тодорхой бус байгаа ч Ичиножёо ямар ч асуудалгүй Намрын тэмцээнд барилдаж болно. Халдвар илэрснээс хойш олон хоног өнгөрлөө. Ичиножёогийн хувьд байдал Миягино дэвжээнийхнээс өөр байгаа. Хэдий Миягино дэвжээний Хакүхо, Ишиүра нар дэвжээндээ амьдардаггүй ч өдөр бүр тэнд бэлтгэл хийж байгаа болохоор харамсалтай нь хавьтагч гэдэг утгаар тэмцээнд оролцуулахгүй байхаас өөр арга алга байлаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )