Багшдаа байраа өгсөн тамирчныг дахин байраар шагналаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Украины чөлөөт бөхийн тамирчин, Токиогийн олимпын наадмын хүрэл медальт Ирина Коляденког Киев мужийн захиргаанаас нэг өрөө байраар шагнаж, Ирина тэр байраа багшдаа бэлэглэсэн талаар бид мэдээлсэн билээ. Ирина өөрөө байргүй ч ижилхэн  байргүй багшдаа байраа бэлэглэх шийдвэр гаргасан юм.

Тэр үед Ирина "Би багшдаа баярласан сэтгэлээ л илэрхийлсэн. Багш дасгалжуулагчийн хөдөлмөрийг хүмүүс анзаардаггүй. Владимир Яременко бол сүүлийн найман жил миний дэргэд байж, бүх зүйл дээр туслаж байгаа хүн. Маш хүнд хэцүү үед ч тэр л дэргэд минь байсан. Миний амжилтын 50 хувь нь багшийн гавьяа. Дэвжээнд гараад барилдаж байгаа тамирчны зүтгэл бол цасан уулын зөвхөн оргил нь. Энэ оргилыг бүгд хардаг ч доор нь байгаа дасгалжуулагчийн ажлыг хэн ч хардаггүй. Багшдаа байраа өгөх болсон нь түүний надад зарцуулсан цаг хугацаа, хөлс хүч, хөдөлмөр, мэдлэгт нь талархсан сэтгэл байсан. Владимир Яременко зөвхөн дасгалжуулагч төдий биш энэ бүх хугацаанд үргэлж хажууд минь байж, жаргал зовлонг минь хуваалцсан хүн. Багшид минь хүнд хэцүү үе зөндөө байсан. Гэвч надад мөнгө илүүчлэн, хувцас хүртэл худалдан авч өгдөг байлаа. Багшийн гэргий болон бяцхан охин Татьяна нь түүнийг олон сар өдрөөр хардаггүй. Яагаад гэвэл багш цугларалт дээр надтай бэлтгэл хийж байдаг. Хувийн амьдралаа орхисон багш маань өөрөө ч орон сууц, байргүй” гэж хэлж байсан юм.

Энэ сайхан, сэтгэл уярам түүх ингээд дууссангүй. Эх сурвалжийн мэдээлснээр Ирина багштайгаа хамт шинэ байранд очоод байхад нь Ирпень хотын дарга Александр Маркушин очсон байна. Хотын дарга “Иринагийн энэрэнгүй сайхан сэтгэлийн талаар улс орон тэр чигээрээ ярьж байна. Ирина, Владимир Яременко хоёр манай хотын уугуул иргэд. Тэр багшдаа байраа өгсөн тул хотын захиргаанаас Иринад дахин нэг байр бэлэглэх шийдвэр гаргалаа. Хотын бизнес эрхлэгчид тусламж дэмжлэг үзүүлсэн. Мөн багш, шавь хоёрт тус бүрт нь шинэ байраа тохижуулах 100 мянган гривен хотоос олгох болсон” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алимаа(162.158.179.45) 2021 оны 09 сарын 10

Ёстой л үнэн шүү Багшийн эрдэм шавиас гэдэг

0  |  0
(172.69.252.140) 2021 оны 09 сарын 09

Манайд бол дэлхий байтугай дэргэдэх аймгийхан нь ч танихгүй том гүзээтэй, явдаг жорлонгуудаа л дэмждэг.

1  |  0
МАН(172.69.252.137) 2021 оны 09 сарын 08

Манай Олимпоос медаль авчирсан тамирчидыг Баттулгын ” хүмүүс” буюу МАН-х биш байж магадгүй гэж бодоод ерөнхийлөгч Хүрэлсүх бололн ерөнхий сайд Оюун Эрдэнэ нар хүлээж авах битгий хэл уулзахаас ч татагалзсан билээ. Зөвхөн МАН-н гишүүн тамирчидыг хүн гэж харах бололтой.

3  |  1
зочин(172.69.252.136) 2021 оны 09 сарын 08

сэтгэл уярч байна

3  |  0
Top