Китанофүжи: Тэрүнофүжи түрүүлэх нь бараг тодорхой

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

Мэргэжлийн сүмо бөхийн 52 дахь ёкозүна, NHK телевизийн сүмо тайлбарлагч Китанофүжи Чюүничи Спорт сонинд өөрийн хөтөлдөг булантай. Түүний булангаар зочилцгооё.

“Китанофүжи булан”

Олимпын наадам эхлэхэд цар тахлын хүнд үед Олимп хэрэггүй гэж ярьж байсан япон тамирчдынхаа гал гарсан тоглолтуудыг үзээд алга ташин, таашаал аван суулаа. Спорт үнэхээр эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм даа гэдгийг дахин ухаарсан гэхэд болно. Паралимпийн тамирчдын өрсөлдөөнийг үзээд сэтгэл уярч, догдлоод л. Олимпын тамирчдын бэлтгэлийг харахад сүмочдын бэлтгэл харьцуулахын аргагүй, бараг хүүхдийн тоглоом мэт санагдсан. Сүмочид маань телевизээр олимп үзсэн байх. Тэгээд өөрсдийнхөө бэлтгэлийг хангалтгүй гэдгийг ойлгосон биз ээ. Хэрэв ойлгоогүй бол тэнэг гэхээс өөр юу гэх вэ? Энэ сарын 12-нд Намрын тэмцээн эхлэх гэж байна. Сүмочид маш хичээж сайхан барилдахгүй бол үзэгчид уярч, баярлахгүй. Хатуу шүүмжлэлээр өнөөдрийн яриагаа эхэлсэн ч Намрын тэмцээний талаар ярилцья.

Миягино дэвжээнд халдвар гарсан тул ёкозүна Хакүхо энэ тэмцээнд барилдахгүй. Шинэ ёкозүна Тэрүнофүжигээс илүү Хакүхо яах бол гэж анхаарал тавьж байсан болохоор барилдахгүй гэдгийг нь сонсоод нэг талаар сэтгэл амарлаа. Хакүхогийн өвдөгний гэмтэл сайн эдгэхгүй, тэмцээний өмнө зодог тайлж магадгүй гэсэн яриа дуулдаад байсан болохоор тэр. Би энэ цуу ярианд итгээгүй. За ямар ч гэсэн Хакүхо зодог тайлна гэсэн цуу яриа энэ тэмцээнд алга боллоо. Магадгүй, Бурхан Хакүход дахин нэг боломж олгосон байж мэдэх юм.   

Шинэ ёкозүна Тэрүнофүжид яриагаа хандуулья.

Би түүний дохёнд гарах ёслолыг үзээгүй. Мэйжи сүмд үзэгчгүй зохион байгуулагдсан гэсэн. Үнэхээр гунигтай. Сүүлд Кисэносатогийн ёслолыг 20 мянган хүн үзэж байсан. Чиёонофүжигийн үед бүр тоолохын аргагүй олон хүн ирж байлаа. Тэгэхээр Тэрүнофүжигийн Намрын тэмцээний эхний өдөр дохёнд гарах ёслолыг хурдан үзмээр санагдаж байна.

Тэрүнофүжи бэлтгэл бүрэн ханасан бололтой. Хэрэв үнэхээр тэгсэн бол түрүүлэх нь тодорхой гэсэн үг. Хакүхо барилдахгүй гэдэг эхний өдрөөс л Тэрүнофүжи бусдаасаа тасарна гэсэн үг. Ёкозүна цолтны үүрэг хариуцлага гэдэг юманд л ялагдчихгүй бол Тэрүнофүжигийн үе үргэлжилнэ. Гэхдээ өвдгөндөө тэсрэх бодис зүүсэн мэт аюултай гэмтэлтэй байгаа болохоор 100 хувь түрүүлнэ гэж хэлж би чадахгүй. Тийм болохоор түүнтэй өрсөлдөхөөр бөхчүүдийн нэрийг хэлье.

Уг нь Шёодай гэж хэлмээр байна. Даанч арай ядан 50 хувиа хийдэг озэки чадахгүй л дээ. Шёодай чадахгүй гэдгийг дахиад итгэл дүүрэн хэлмээр байна. Такакэйшёо ч өрсөлдөхөд хэцүү.

Тэгвэл Митакэүми юу? Хоёр ч удаа башёд түрүүлчихсэн, формдоо орчихвол арваас илүү өлхөн давж чадна. Дараа нь Такаясүг нэрлэмээр байна. Энэ хоёрын дараа л озэки цолыг нь хүндлээд Такакэйшёо, Шёодай хоёрыг хэлнэ дээ. Хөгийн таавар ч гэсэн сүмогийн одоогийн байдал ийм л байна. Ер нь хэрэв Тэрүнофүжи ялагдаад эхлэх юм бол дээд зиндааны хэнд нь ч түрүүлэх боломж бий гэсэн үг. Бүх юм Тэрүнофүжигээс л шалтгаална. Тийм болохоор Намрын тэмцээнд хэн түрүүлэх нь надад сонирхолгүй байгаа. Харин Хоошёорюү, Мэйсэй болон банцүкэ нь дээшилсэн Үра нарт анхаарлаа хандуулна. Хоошёорюү эхний өдөр Шёодайтай барилдана. Дараалан ялчихсан байгаа болохоор энэ удаад ямар мэх хийх бол гэдэг сонирхолтой. Шёодай өнөөдөр нойр муутай хонох нь гарцаагүй.

Ингээд дээр дурдсанчлан олимпын тамирчид шиг үзэгч олныг баярлуулсан, уяраасан сайхан тэмцээн болоосой гэж ерөөе. 15 хоног барилдаанаа шимтэн үзье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэмка(66.181.188.247) 2021 оны 09 сарын 11

Ганэрдэнэ амжилт хүсье урагшаа

0  |  0
Top