Гейбл Стивсон мэргэжилд орсон ч чөлөөт бөх барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

Токиогийн олимпын чөлөөт бөхийн хүнд жингийн аварга, шинэ од Гейбл Стивсон мэргэжлийн бөхийн WWE холбоотой гэрээ байгуулсан талаар бид мэдээлсэн. Уг нь тэр аравдугаар сард Норвегид болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож түрүүлсэн бол 2021 онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлснээс гадна бүх насны ангиллын дэлхийн аварга болох байлаа.

Гейбл олон нийтийн сүлжээнд “Багын мөрөөдөл минь биеллээ. Би WWE холбоотой албан ёсны гэрээ байгууллаа. Боломж олгосонд баярлалаа. Урагшаа” гэж бичсэн байв.

Стивсон Токиод Туркийн Таху Акгюль, Гүржийн Гено Петриашвили нарын томчуудыг ялж түрүүлсэн. Тэрээр олимп эхлэхээс өмнө л өөртөй тун итгэлтэй байсан юм. Америкийн шинжээч нар түүнийг Акгюль, Петриашвили нартай таарах нь гэж хэлэхэд “Үгүй, тэд нар л надтай таарах нь” гэж хэлж байжээ.

Гэхдээ ESPN-д бичсэнээр Гейбл мэргэжлийн бөхийн холбоотой гэрээ байгуулахдаа нэгэн заалт оруулсан нь АНу-ын Оюутны чөлөөт бөхийн тэмцээнд оролцож болно гэсэн заалт байжээ. 21 настай Гейбл Миннесота их сургуулийн багийн тамирчин. Цаашдаа Оюутны аварга цолоо хамгаалж, WWE-гийн шоу, оюутны лигийн тэмцээнд аль алинд нь оролцох гэнэ. Миннесота их сургууль түүнд бэлтгэлийн тусгай байр гарган өгөхөөр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top