US Open-ий аварга, Z үеийн охин Эмма Радукану

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Энэ жилийн US Open тэмцээний финалд 18 настай Эмма Радукану 19 настай Лейла Фернандесийг 6:4|6:3 ялж түрүүлэн, сэнсаац тарьсан билээ. Эмма чансаагаар 150-д жагсдаг бол Лейла 73-т бичигддэг.

Эмма Радукану 2004 оны Уимблдонд Мария Шарапова 17-той түрүүлснээс хойш Их Дуулга тэмцээний хамгийн залуу аварга болж байгаа төдийгүй урьдчилсан шатнаас шалгарч, Их Дуулгад түрүүлсэн анхны теннисчин болж байгаа юм.

2021 оны зургаадугаар сарын 8-нд тэр дэлхийн 366 дахь теннисчин байлаа. WTA тэмцээнд залуу тамирчдыг дэмжих төслийн хүрээнд wild card-аар анх удаагаа оролцож, Хэрриет Дартад ялагдаж байв. Энэ зун тэр гурван тэмцээнд оролцсоны хоёр нь Их Дуулгын тэмцээн. Эх орондоо болсон Уимблдонд шигшээ наймд шалгарсан бол US Open-д түрүүлж, олныг гайхууллаа.

US Open тэмцээнд Эмма урьдчилсан шатнаас эхлэн арав тоглохдоо нэг ч сет алдаагүй. Өөрөөсөө чансаа давуу найман өрсөлдөгчийг ялсан. Ер нь тэр замналдаа дэлхийн шилдэг 50-д багтдаг долоон тамирчинтай учирч, нэг ч ялагдаагүй байна. Радукану Нью-Йоркт түрүүлснээр WTA тэмцээнд түрүүлэхээсээ өмнө Их Дуулгад түрүүлсэн түүхэнд гурав дахь теннисчин болсон юм.

“Би үргэлж ялахыг хүсдэг. Тийм болохоор юмыг урьдчилан харах биш өнөөдрийнхөө тоглолтод л анхаарлаа хандуулдаг. Энэ зуршлаа хэзээ ч солихгүй” гэж Эмма ярьж байлаа.

Эмма Радуканугийн ээж нь хятад, аав нь румын бөгөөд Канадын Монреальд төрсөн. Төрснөөс нь хоёр жилийн дараа гэрээрээ Лондонд суурьшжээ. Аав ээж нь санхүүчид байсан ч охиноо тоо бодуулж суулгасангүй. Олон талын авьяастай болгохоор багаас нь бэлтгэж байсан байна. Радукану багадаа балет, усанд сэлэлт, морин спорт, гольф, мотокросс, тэр байтугай барилга төлөвлөлтөөр ч хичээллэж байжээ.

Энэ олон төрлөөр хичээллэсний үр дүнд Эмма охин өөртөө маш итгэлтэй, хөдөлгөөнтэй, тэнцвэр сайтай, хурдан шуурхай шийдвэр гаргаж чаддаг болсон байна.

Харин үндсэн мэргэжил болох теннисээ тэр зургаан настайгаасаа эхэлсэн. Анх таалагддаггүй байсан ч нэг л мэдэхэд бусад хоббигоо хаяад теннист л дурласан байсан гэнэ. Аав ээж нь охиныхоо спортын амжилтыг нэг их тоодоггүй. US Open тэмцээний шөвгийн дөрөвт шалгараад мессэж бичихэд хэн нь ч хариулаагүй гэнэ. Өнгөрсөн жил цар тахлын хөл хорио дуусахад тэд охиноо эрсдэлд орохгүйн тулд их спортоо орхиж, сургуулиа төгсөхөд анхаар гэж хэлж байжээ. Ингээд 16 сар тэмцээн уралдаанд оролгүй, сургуулиа амжилттай дүүргэсэн байна.

“Аав ээж хоёр надаас их зүйл хүлээдэг болохоор санаанд нь хүрэхэд их хэцүү. Онгирч хөөрөх боломж ч өгөлгүй, шууд л газарт буулгана. Уимлдоны дараа тэд “Чамаар бахархаж байна” гэж хэлсэн. Энэ нь надад хангалттай байлаа” гэж Эмма ярьж байна.

Уг нь онгирохгүй юм гэхэд өөрөөрөө бахархах зүйл Эмма охинд хангалттай бий. Хавар тэр төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн. Зун нь Сан Францискогийн Алтан хаалга гүүрний дэргэд зургаа авахуулаад “Жозеф Строссын 1930-аад оны агуу бүтээл. Наймдугаар ангидаа дизайн, технологийн хичээл дээр судалж байсан. Жинхэнээр нь харахад гайхалтай байлаа” гээд бүтцийнх нь зурагтай оруулж байсан ухаалаг охин.

“Хүн болгон намайг онц дүн авахын төлөө хэт хичээдэг гэж боддог. Үнэндээ би өөртөө өндөр шаардлага тавьдаг л хүн. Үүний ачаар би сургуульдаа ч, теннист ч өдий зэрэгтэй явна”

Радуканугийн төгссөн гимназийг 200 метрийн дэлхийн аварга Дина Эшер-Смит, сансар судлаач Либби Жексон, жүжигчин Жемма Чан (дараа нь Оксфорд их сургуульд элссэн) нар төгссөн. Жемма Чан энэ жил Их Британийн Vogue сэтгүүлийн нүүрэнд морилсон бол ирэх аравдугаар сарын дугаарын хавтсанд Эмма гарахаар зургаа авахуулаад байгаа.

Яагаад ингэж их хичээл сурлагадаа шамддаг талаараа тэр “Нэгдүгээрт хичээл тенниснээс холдоход тус болдог. Хоёрдугаарт задлан шинжлэх ур чадварыг сайжруулдаг. Би маш их мэдээллийг хурдан хугацаанд боловсруулж чаддаг. Теннисний корт дээр ч би дүгнэлт хийж, хурдан шийдвэр гаргахдаа өрсөлдөгчөөсөө илүү. Надаас сайн тоглогч байлаа ч тоглолтыг хоромхон зуур задлан шинжлэхдээ би илүү” гэж ярьж байв. Ёстой л  Z үеийн төлөөлөгч.

Радукану шүтээнээрээ Симона Халеп, Ли На нарыг нэрлэдэг. Зорилго нь шилдэг аравт багтаж, Их Дуулга тэмцээний олон олон цом авах.

“Энэ зорилгоо биелүүлэх сэтгэлийн хүч, тэсвэр, ухаан надад хангалттай бий. Багадаа би үг дуугардаггүй ичимхий охин байлаа. Спортоор хичээллээд шийдмэг, зоригтой, дайчин болон хувирсан. Ийм зан чанартай байхад ямар ч том зорилгыг биелүүлж чадна” гэж итгэл төгс ярьж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(124.158.68.139) 2021 оны 09 сарын 15

hoorhon yumaa neg bavchih yumsan

0  |  0
Top