Буриадын бөх Жаргал Дамдинов Германы Бундеслигийн багт элссэн анхны буриад бөх боллоо. Дамдинов өнгөрсөн дөрөвдүгээр сард Германы RSV Rotation Greiz багтай мэргэжлийн гэрээ байгуулсан юм.
Чөлөөт бөхийн Бундеслиг есдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл дөрвөн сар үргэлжилдэг. Нийт 26 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлддөг.
Энэ сарын 11-нд Дамдинов анхны барилдаанаа SC Kleinostheim багтай хийж, эхний ялалтаа авсан байна.
Түүнээс Буриадын сэтгүүлчид онлайн ярилцлага авчээ.
-Бундеслигт та ямар замаар оров?
-Германы “RSV Rotation Greiz” багийн ерөнхийлөгч манай дасгалжуулагч Батор Базаровтой холбогдож, намайг урих санал тавьсан юм билээ. Би хагас улирал 61 кг, үлдсэн хагаст 66 кг-д барилдана.
-Эхний барилдаандаа Илир Сефайтай барилдсан.
-Барилдаан эхлээд би бага зэрэг сандарч байсан тул хоёр оноо алдсан. Германы лигийн анхны буриад бөх. Ялагдаж болохгүй гэсэн бодол толгойд орж ирээд байв. Харин дараа нь биеэ барьж, дайрч эхэлсэн. Дасгалжуулагч “Тайван барилдвал ялна. Зүгээр” гэж хэлж байсан нь их тус болсон. 18:2 харьцаатай ялсан.
-Та Бундеслигийн анхны буриад бөх. Лигт орос бөхчүүд барилдаж байна уу?
-Байгаа. Тимур Бажоев, Исмаил Мусукаев хоёр барилдаж байсан. Манай багт орос бөх байхгүй ч Молдав, Туркийн бөхчүүд бий.
-Та дасгалжуулагчтайгаа хамт явсан уу? Бэлтгэлийн дэг журам ямар байна? Оросоос ялгаатай байна уу?
-Багш үлдэж, би ганцаараа явсан. Энд багаас байр хөлсөлж өгсөн. Бэлтгэл хоёр өдөрт нэг удаа, Даваа, Лхагва, Баасан гарагуудад болдог. Гэхдээ би Буриадад байсан шигээ өдөрт хоёр бэлтгэл хийж байгаа. Эрчимтэй бэлтгэл хийдэг ч манайхаас өөр нь мэх, хөдөлгөөн болгоныг дүгнээд, ажиллаад байдаггүй.
-Шинэ нөхцөлд хэр дасан зохицож байна? Хэлний асуудал гарч байна уу?
-Анх хэцүү байсан ч одоо дассан. Хэлний асуудал байгаа. Энд ихэнх нь герман, зарим нь англиар ярьдаг. Орчуулагчаар дамжуулан харилцдаг. Германд байдаг чечень бөхчүүд их тус болж байгаа. Мөн орос хэлээр ярьдаг молдав дасгалжуулагч надад тусладаг.
-Бундеслигээс юу хүсэн хүлээж байна вэ?
-Бундеслигт мэргэжилтнүүдийн нүдэнд өртөж, ирэх жил ч гэсэн энд барилдмаар байна.
Сэтгэгдэл ( 0 )