Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт ажиллаж байсан цагдаагийн алба хаагчийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Цагдаагийн ахлах дэслэгч, мөрдөгч Ж.Э нь Хар тамхитай тэмцэх газарт ажиллаж байхдаа гадаад улсаас их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр оруулсан гэх хэргийг шалгаж байжээ. Улмаар дээрх хэргийг мөрдөн шалгах явцдаа гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй байгаа тул Эрүүгийн хуулийн 20.7.3.3-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүний шалгаж байсан хэрэг нь өмнө нь хар тамхины хэргээр ял эдэлж байсан Г.Сарангэрэл нарт холбогдох хэрэг бөгөөд энэ хэрэг шалгагдаж дуусаад шүүхийн шатанд очоод байгаа аж.
Шүүгдэгч Г.Сарангэрэл нар нь тухайн үед өөрийг нь шалгаж байсан мөрдөгч Ж.Э нь нотлох баримтгүйгээр хэрэг тохож, өөрийг нь хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаагаа шүүхийн шатанд илэрхийлсэн ажээ.
Дашрамд дурдахад, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76 хэрэгт 143 хүн холбогдуулан шалгаж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувь, холбогдогч 21 хувиар тус тус буурсан. Эд мөрийн баримтаар хураагдсан бодисын хэмжээ харин өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс Монгол Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлэх зургаан гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )