Монгол Улсын иргэн Г нь 2024 оны 10 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан байна.
Түүнийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, улмаар Бүгд Найрамдах Турк Улсын Станбул хотод хууль бусаар оршин сууж байсныг тогтоожээ.
Энэ хүрээнд тус хотын эрүүгийн цагдаагийн алба хаагчидтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж, иргэн Г-г Турк Улсад саатуулан баривчилсан байна. Улмаар энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг амжилттай зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )