Монголын далбаатай хөлөг онгоцноос 1.1 тонн хар тамхи илэрчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
54 минутын өмнө

Индонезийн цагдаагийн газар Малакагийн хоолойд зорчиж явсан Монголын далбаа бүхий ачааны хөлөг онгоцноос 14 сая ам.доллароор үнэлэгдэх 1.1 тонн орчим кетамин төрлийн хар тамхи илрүүлсэн байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хөлөг онгоцонд Индонезийн долоон иргэн, БНХАУ-ын харьяат нэг иргэн байсныг саатуулжээ.  

Тус ачааны хөлөг онгоц нь “Global 168” гэх бөгөөд Монголын далбаатай, Жохор мужийн харьяалалтай Малайзын хоёр бизнесмен эзэмшдэг болох нь тогтоогджээ. Индонезийн цагдаагийн газар энэ сарын эхээр тус хөлөг онгоцыг Тайландын баруун эрэгт байхыг нь тогтоон мөрдөх ажиллагаа явуулж байсан аж.

Малайзын цагдаагийн газар Индонезийн талтай хамтарч уг эздийг нь мөрдөн байцаалтад дуудахаар болсон байна. Түүнчлэн Малайзын эзэн хааны Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс Малайзын дээрмийн бүлэглэлүүд уг хэрэгт оролцсон эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Индонезид хар тамхи тээвэрлэх, хууль бусаар хил давуулахыг завдсан тохиолдолд техникийн хувьд цаазаар авах ял оноодог. Гэвч тус улсын эрх баригчид 2016 онд цаазын ялыг түр хориглохоор болсон. Тус улсын муж бүрийн шүүхүүд ийм төрлийн гэмт хэрэгт цаазын ял оноодог боловч 2016 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top