Энэ оны хоёрдугаар сарын 10-ны шөнө Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн ачаа тээвэрт үзлэг, шалгалт хийх явцад Монгол Улсын гурван иргэн бүлэглэн, ашиг олох зорилгоор хушганы самрын идээг авч, оронд нь сэтгэцэд нөлөөт "мөс" гэх нэршилтэй 628.5 грамм бодисыг нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлжээ. Уг хэрэгт холбогдуулан гурван иргэнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Иймд иргэдийг амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдэлд автахгүй байхыг анхааруулж байна. Мөн олон улсын нислэг болон карго тээврээр бусдын дайвар, ачаа тээш, битүүмжилсэн эд зүйл, хүнсний бүтээгдэхүүн зэргийг авахдаа сайтар шалгаж, шаардлагатай тохиолдолд авахаас татгалзахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )