Пентагон Латин Америк руу хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүнийг илгээж байна гэж “The New York Times” сонин мэдээлжээ.
Хуурай замын бие бүрэлдэхүүн Латин Америкт хар тамхитай тэмцэх кампанит ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтарсан хээрийн суруульд оролцох аж. Тус сонины мэдээллээр, Панамад 600 цэрэг хүрэлцэн очоод байгаа бөгөөд тэд ширэнгэн ойн нөхцөлд цэргийн бэлтгэл хангаж, улмаар Колумб, Хондурасын цэргийн алба хаагчидтай хамтарсан сургууль хийж, хар тамхины наймаа эрхэлдэг бүлэглэлүүдийн эсрэг баривчилгаа явуулах АНУ-ын тусгай ажиллагаанд туслалцаа үзүүлэх юм.
Хээрийн сурууль нь тодорхой хугацаанд явагдах ч цаашид Америк цэргүүдийг тус бүс нутагт байнгын үндсэн дэр байрлуулж магадгүй гэж тус сонин дурджээ.
Дотоодын хар тамхины наймаатай тэмцэх зорилгоор 2025 оны намраас хойш АНУ-ын зэвсэгт хүчин Карибын тэнгис болон Номхон далайн зүүн хэсэг дэх хөлөг онгоцнуудад цохилт өгч байгаа. Энэхүү ажиллагаагаа “Өмнөдийн жад” нэрлэсэн.
Үүнээс өмнө “The Wall Street Journal” сонин АНУ-ын агаарын цохилтууд кокаины үйлдвэрлэлийн өсөлтийг зогсоож чадахгүй байгаа талаар бичиж байв. Тус сонины мэдээллээр, сүүлийн 13 сард АНУ-ын цэргүүд нийт 70 гаруй хөлөг онгоц устгаж, 240 хүн амиа алдаж, гэмт бүлэглэлүүд 1.5 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий кокаинаа алджээ. Хөлөг онгоцнуудад өгч буй цохилт хар тамхины наймаачдыг санхүүгийн алдагдалд хүргэж, АНУ-ын хотуудад хортой бодис нийлүүлэх нийлүүлэлтийг тасалдуулж байгаа ч асар их хэмжээний кокаин АНУ-ын хилээр нэвтэрсэн хэвээр байгааг тус сонин онцолж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )