Токиогийн олимпын баатар, чөлөөт бөхийн хүнд жингийн аварга Гейбл Стивсон холимог тулааны UFC, мэргэжлийн бөхийн WWE холбооноос мэргэжлийн бөхийг нь сонгосон билээ. Бөх сонирхогчид түүнийг холимог тулаанд орох нь, UFC холбооны тэргүүн Дана Уайттай уулзах нь хэмээн сэтгэл догдлон хүлээж байсан ч Гейбл холимог тулаанд орсонгүй.
Стивсон “UFC холбооны аварга болоход сайхан л даа. Хүмүүс намайг олон нийтийн сүлжээгээр айлаа гэж шүүмжилж байна. Гэхдээ би сүүлийн үед хорон үгтэй сэтгэгдэл уншихаа больсон байгаа. Би холимог тулаанд орохыг хүсэж байсан. Хэвлэлээр Дана Уайт намайг "Contender Series" тэмцээнд урьсан ч татгалзсан гэж бичсэн байлаа. Үнэндээ би ямар ч урилга аваагүй. Дана намайг Вегаст урьсан ч би тэр үед WWE-гийн SummerSlam шоунд оролцож байсан юм. Бид хоёр тухтай ч уулзаж байгаагүй. Ганц үнэн юм гэвэл би багаасаа мэргэжлийн бөх болохыг мөрөөддөг байсан. Тийм болохоор юу ч болсон WWE холбоогоо сонгох байсан байх. Гэхдээ Дана Уайт арай илүү шаргуу хөөцөлдсөн бол холимог тулаанд ч орсон байх магадлал байсан. Харин Дана нэг их хичээгээгүй. Бодит санал огт тавиагүй. Би холимог тулаанд орохоос айхгүй байна. Зодуулж, цохиулж, олон сая хүний нүдэн дээр ялагдахаас айхгүй байна. Холимог тулаанаас би огт айгаагүй. Би зүгээр л шоу хийж, хүмүүсийг цэнгээхийг хүсэж байна. Өөртөө таалагдсан зүйлээ хийх. Одоо энэ талаар ярих хэрэг алга. Би WWE холбоонд байна. Ингээд боллоо” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )