Байт харвааны ДАШТ эхэллээ

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”

Өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотноо байт харвааны спортын 51 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Зургаан хоногийн турш үргэлжлэх ДАШТ-д 55 орны 344 харваачид рекурв ( олимпийн төрөл) болон компаунд төрлөөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн, мөн холимог багийн гэсэн 10 цогц медалийн төлөө өрсөлдөх юм.

1931 оноос эхлэн явагдсан байт харвааны ДАШТ нь хоёр жил тутам зохиогддог бөгөөд Монголын баг тамирчид энэ удаагийн ДАШТ-д нилээн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тухайлбал компаунд төрөлд Г.Ганзориг, Г.Ган-Эрдэнэ, Л.Отгонбаяр (эрэгтэй), Б.Мөнгөнчимэг, С.Болорсайхан (эмэгтэй) нар, рекурв төрөлд эрэгтэйчүүдэд Д.Дашнамжил, Э.Нармандах, Ж.Гантөгс, эмэгтэйчүүдэд А.Отгонжаргал нар цэц мэргээ сорих ажээ.

Тэмцээн компаунд төрлийн эрэгтэйчүүдийн хувийн чансаа тогтоох харваагаар эхэлнэ.

“Янктон-2021” ДАШТ-д “Токио-2020” олимпийн гол баатруудын нэг, байт харвааны төрлөөр нэг олимпоос гурван алтан медаль авсан (эмэгтэй ганцаарчилсан, эмэгтэй багийн болон холимог багийн төрөлд) анхны харваач БНСУ-ын Ан Сан болон эрэгтэй ганцаарчилсан харвааны олимпийн аварга Туркийн  Мете Газоз нарын алдартнууд хүрэлцэн иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top