Рочдейл бол Английн хоёрдугаар лигийн (4 дэх дивизион) жирийн нэг баг. Энэ багт эрт дээр үед Том Хитон, Рики Ламберт, Гленн Мюррей, Испанийн шигшээ багийн хаалгач Роберт Санчес нар тоглож байлаа.
Даруухан энэ баг 10 мянган хүний багтаамжтай Краун Ойл цэнгэлдэх хүрээлэндээ эгэл нэгэн фэндээ зориулан, хөшөө босгожээ. Энэ балиашиг бол Дэвид Клаф.
Тийм ээ, Дэвид бол Рочдейл багийн хувьд эгэл биш супер фэн. Тэр багаас гаргадаг GoldBond сугалааг сайн дураар тараадаг, багт сугалаагаар 500 мянган фунт стерлинг оруулсан хүн. 500 мянга гэдэг жижигхэн багт хэр их мөнгө болохыг тайлбарлахад Рочдейл баг 11 жилд тоглогч худалдан авахад зарцуулсан мөнгөөс их гэж ойлгоход болно.
Клаф 2020 онд 78 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Нас барахдаа бүх хөрөнгөө мэдээж багтаа хандивласан. Хөрөнгийн хэмжээ 250 мянган фунт стерлинг байсан бөгөөд энэ мөнгөөр Рочдейл шинэ цахилгаан самбар тавьж, VIP суудлаа шинэчилж чадсан юм.
Дэвид Клафийн энэ үйлдэл олон хүний сэтгэлийг хөдөлгөж, түүнд зориулан хөшөө босгох санаачилга гарчээ. Хөшөө барих хандив цуглуулсан Марк Крайер мөн л Рочдейл багийн фэн. Тэрээр “Би Клафтай уулзаж байгаагүй ч манай багийн бүх фэн түүнийг мэднэ. Тэр багийн төлөө чадах бүх зүйлээ хийсэн. Цас бороотой ямар ч өдөр тэр багийн сугалааг тараагаад зогсож байдаг байсан. Хөрөнгөө багт гэрээсэлж үлдээнэ гэдэг бол гавьяа. Түүнд хөшөө босгох хэрэгтэй” гэж ярьж байв.
Хөрөнгө босгох ажил 2021 оны нэгдүгээр сард эхлэж, сарын дараа 10 мянган фунт стерлинг цугласан байлаа. Ингээд есдүгээр сарын 17-нд Дэвид Клафийн байнга сууж, тоглолт үздэг байсан тэр суудалд хүрэл Клаф сүндэрлэн бослоо.
Одоо тэр хайртай Рочдейл багийнхаа тоглолтыг үүрд мөнх үзэж чадна.
Сэтгэгдэл ( 0 )