Манай Байтын баг дэлхийд шуугиулж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотноо өнөөдөр байт харвааны 51 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Эхний өдөр урьдчилсан харваа (чансаа тогтоох) явагдлаа.

Байт харвааны ДАШТ нь рекурв (сонгодог буюу олимпийн төрөл)  болон компаунд гэсэн хоёр төрлөөр явагддаг.

КОМПАУНД:

Эмэгтэй хувийн харваанд нийт 66 харваач сум тавьснаас манай Б.Мөнгөнчимэг 64-т, С.Болорсайхан 65-д эрэмблэгдлээ.

Хасагдах шатны эхний даваанд Б.Мөнгөнчимэг 48-д эрэмбэлэгдсэн Германы Жулиа Бёнкетэй, С.Болорсайхан 49-д бичигдсэн Мексикийн Бренда Меринотой халз харвахаар боллоо.

Эрэгтэйчүүдийн хувийн харваанд 88 тамирчин цэц сорьсноос урьдчилсан харвааны дараа манай Л.Отгонбаяр 79-д, Г.Ган-Эрдэнэ 81-д, Г.Ганзориг 83-д эрэмбэлэгдсэн бөгөөд эхний даваанд Л.Отгонбаяр 34-т бичигдсэн Канадын Эндрью Фагантай, Г.Ган-Эрдэнэ 32-т жагссан Их Британий Адам Равенскрофттой, Г.Ганзориг 30-д бичигдсэн Гватемалагийн Хулио Барильястай тус тус учраа таарлаа.

Эрэгтэй багийн (баг 3 хүнтэй байна) тэмцээнд 24 орны баг оролцож буй бөгөөд манай баг урьдчилсан харвааны 23-т бичигдсэн бөгөөд 10-д эрэмбэлэгдсэн ОХУ-ын багтай эхний даваанд цэц сорино.

Компаунд төрлийн эмэгтэй багийн тэмцээнд 16 баг оролцож байгаа бөгөөд манайх оролцоогүй.

Харин холимог багийн (1 эр, 1 эм) төрөлд 27 баг оролцож, манай баг (Л.Отгонбаяр, Б.Мөнгөнчимэг) нар 26-д эрэмблэгдэж,  хасагдах шатанд харвах боломжгүй боллоо.

РЕКУРВ:

Олимпийн наадмын хөтөлбөрт байт харвааны энэ төрөл ордог. Олимпийн аваргууд, медальтнууд өрсөлддөг болохоор илүү их анхаарлын төвд байдаг.

Эрэгтэй хувийн урьдчилсан харваанд манай Д.Дашнамжил 102 тамирчнаас 9-д, Ж.Гантөгс 60-д, Э.Нармандах 101-д эрэмбэлэгдсэн.

Доржсүрэнгийн Дашнамжил маань урьдчилсан харваанд маш сайн харвасны үр дүнд хасагдах шатны эхний даваанд хийлж, хоёрын даваанд Беларусийн Антон Циерета-Японы Такахару Фурукава нарын хэн ялсантай учраа таарах боллоо.

Харин нэгийн даваанд Ж.Гантөгс 53-д эрэмбэлэгдсэн Энэтхэгийн Адитяа Чоудхаритай, Э.Нармандах 12-т эрэмбэлэгдсэн Финландын Антти Викстремтэй тус тус оноолт таарлаа.

Эрэгтэй багийн тэмцээнд 26 баг оролцож байгаа бөгөөд манай баг( Д.Дашнамжил, Ж.Гарзориг, Э.Нармандах) 24-д эрэмбэлэгдэн 10-д бичигдсэн Украины багтай өрсөлдөх боллоо.

Эмэгтэй багийн төрөлд манайх оролцоогүй бөгөөд эмэгтэй хувийн харваанд манай А.Отгонжаргал ганцаараа оролцож байгаа бөгөөд 79 тамирчнаас урьдчилсан харвааны дараа 65-д эрэмбэлэгдэж,хасагдах шатны эхний даваанд 48-д бичигдсэн Италийн Киара Ребалиатитай цэц сорино.

Рекурв төрлийн холимог багийн төрөлд 32 баг оролцож, чансаа тогтоох харвааны дараа манай баг (Д.Дашнамжил, А.Отгонжаргал) 24-д бичигдэн, 9-д бичигдсэн Италийн багтай эхний даваанд учраа таарсан .

Италийн багийн бүрэлдэхүүнд Мауро Несполи болон Лучилла Боари нар багтжээ. Үнэхээр хүчтэй баг. Мауро Несполи бол олимпийн багийн харвааны алт, мөнгөн медальтай, “Токио-2020” олимпийн эрэгтэй хувийн харваанд хүрэл медаль хүртсэн, Дэлхийн АШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл, Танхимын ДАШТ-ий багийн мөнгө, Европын АШТ-ий хошой алт, 5 хүрэл медальтай харваач.

Тэгвэл Лучилла Боари “Токио-2020” олимпийн эмэгтэй хувийн харваанд хүрэл медаль хүртсэн, Европын наадмын хувийн мөнгөн медальтай.

Ийм л хүчтэй багтай манай харваачид цэц сорьсон. Холимог багийн төрөлд харваач тус бүр нэг сетэд хоёр хоёр сум тавих бөгөөд нийлбэр оноогоор сетэд ялсан баг хоёр оноо, хэрэв тэнцвэл баг тус бүр нэг нэг оноо авдаг дүрэмтэй.

МОНГОЛ-ИТАЛИ 5:3 (35:33, 35:32, 33:40, 34:34)

Ийнхүү Италийн “оддын хослол”-ыг буулган авсан Монголын баг ДАШТ-ий эхний өдрийн гол сенсаацийн эзэн боллоо.

Одоо манай баг хоёрын даваанд (1/8) чансааны наймд бичигдсэн Нидерландын багтай өнөөдөр буюу есдүгээр сарын 22-нд орон нутгийн цагаар 16:45 цагаас (Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 23-ны өглөөний 05:45 ) цэц сорих юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(172.69.252.140) 2021 оны 09 сарын 22

Sain bna, 4 jild 1boldog olimpod uzuulech ene amjiltig,?

0  |  0
Top