Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотноо болж буй байт харвааны 51 дэх удаагийн ДАШТ-д Монголын рекурв төрлийн холимог баг хэрхэн дуулиан шуугиан тарьж буйг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл манай багийн харваач Доржсүрэнгийн Дашнамжилын тухай нийтлэл World Archery Federation буюу Дэлхийн байт харвааны холбооны албан ёсны сайт World Archery-д гарлаа.
Монголын 23 настай харваач ДАШТ-д анх оролцож буй бөгөөд тэрбээр урьдчилсан харваанд зурхайнд “Токио-2020” олимпийн аварга Туркийн Мете Газозтай зэрэгцэн зогсож харваж, түүнээс илүү амжилт үзүүлсэн тухай, карьер дахь хамгийн өндөр оноогоо авсан, сэтгэл нь ихэд хөдөлж буйг, бэлтгэл маш сайн хийсэн тул илүү өндөр оноо авна гэдэгт итгэлтэй байгаа зэргийг дурьджээ.
“Янктон-2021” ДАШТ-ий хоёр дахь өдөр рекурв болон компаунд төрлийн эрэгтэй , эмэгтэй болон холимог багийн тэмцээнүүд явагдаж баасан гарагт болох медалийн төлөө өрсөлдөх багууд тодорсон.
Рекурв төрлийн эрэгтэй багийн тэмцээний хасагдах шатанд 23-т эрэмбэлэгдсэн манай баг (Д.Дашнамжил, Ж.Гантөгс, Э.Нармандах) аравт бичигдсэн Украиний багтаа цэц сорьж 4:4 -өөр (51:51, 50:51, 53:53, 55:54) тэнцсэн.
Ингээд нэг нэг сумаар товх харвахад дахин 26:26 оноо авч тэнцлээ. Ингээд хэмжилт хийхэд 2 мм-ээр дутаж ялагдлаа. Харамсалтай.
Энэ төрөлд алтын төлөө БНСУ-АНУ, хүрэл медалийн төлөө Япон-Тайванийн багууд өрсөлдөхөөр шалгарсан.
Рекурв төрлийн эмэгтэй багийн төрөлд хүрлийн төлөө Франц-Бразил, харин алтын төлөө БНСУ-Мексикийн багууд өрсөлдөнө.
Манай Д.Дашнамжил, А.Отгонжаргал нараас бүрдсэн рекурв холимог багийг эцсийн мөчид ялсан БНСУ-ын баг ( Олимпийн наадмын түүхэнд нэг олимпоос гурван алтан медаль хүртсэн анхны эмэгтэй харваач Ан Сан болон олимпийн хошой алт, ДАШТ-ий дөрвөн алтан медальт Ким Ву Жин нарын бүрэлдэхүүнтэй) хагас шигшээд Японы багийг 5:1-ээр хожин финалд ОХУ-ын багтай үлдлээ. Хүрэл медалийг Япон-Туркийн багууд булаацалдана.
Компаунд төрлийн эрэгтэй багийн тэмцээнд манай баг( Л.Отгонбаяр, Г.Ган-Эрдэнэ, Г.Ганзориг) 23-аас босч 10-т эрэмбэлэгдсэн ОХУ-ын багтай хараа, мэргээ сорин 213:235 ( 53:58, 53:58, 54:60,53:59) оноогоор ялагдлаа.
Энэ төрөлд хүрлийн төлөө Австри-Нидерланд, алтын төлөө АНУ-Мексикийн багууд өрсөлдөх нь.
Компаундын эмэгтэй багийн төрөлд финалд Колумб-Энэтхэгийн багууд шалгарсан бол хүрэл медалийн төлөө АНУ-Францын харваачид цэц сорих юм.
Харин холимог багийн төрөлд алтын төлөө Колумб-Энэтхэг, хүрлийн төлөө БНСУ-Данийн баг шалгаран үлдлээ.
Багийн төрлийн шигшээ буюу медалийн төлөө харваа есдүгээр сарын 24-ний баасан гарагт болно.
Сэтгэгдэл ( 0 )