Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотноо болж буй байт харвааны 51 дэх удаагийн ДАШТ-ий гурав дахь өдөр (Есдүгээр сарын 23) компаунд болон рекурв төрлийн хувийн харвааны хасагдах шат явагдлаа.
КОМПАУНД
Эрэгтэй хувийн харваанд манай гурван харваач оролцож, бүгд эхний даваанд ялагдлаа.
Гомбодоржийн ГАН-ЭРДЭНЭ Их Британийн Адам Рэвенскрофт-д 143:146 ( 27:30, 29:30, 28:28, 29:30, 30:28) оноогоор, Ганбаатарын ГАНЗОРИГ Гватемалагийн Хулио Барильяс 130:148 (29:30, 29:30, 25:29, 28:30, 19:29) оноогоор, Лхамжавын ОТГОНБАЯР Канадын Эндрью Фаганд 138:147 ( 27:30, 27:30, 29:29, 28:28, 27:30) оноогоор тус тус хожигдсон.
Энэ төрөлд мөн манай хоёр эмэгтэй харваач цэц сорьсон.
Эхний даваанд Санжийн БОЛОРСАЙХАН Германы Жулиа Бёнкед 122:140 (26:28, 23:29, 27:27, 22:29, 24:27) оноогоор хожигдсон.
Мөн эхний даваанд Батжаргалын МӨНГӨНЧИМЭГ Мексикийн харваач, 2014 оны танхимын ДАШТ-ий багийн алтан медальт Бренда Меринотой цэц сорьж, ганцхан оноогоор буюу 139:140 (28:28, 26:27,30:28, 27:27, 28:30) ялагдлаа.
Манай харваач гуравдахь сетэд гурван сумаа бүгд 10 онож, дөрөв дэх сетэд тэнцэн, сүүлийн сетийн өмнө 111:110 буюу нэг оноогоор илүү явсан ч тавдахь сетэд мексик харваач гурван сумаа 10-д онож, нийлбэр оноогоор хожлоо.
РЕКУРВ
Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг энэ төрөлд манай гурван эрэгтэй, нэг эмэгтэй харваач хувийн төрөлд сум тавилаа.
Эмэгтэйчүүдийн хувийн харваанд оролцсон Анхбаярын ОТГОНЖАРГАЛ эхний даваанд Италийн Киара Ребалиатид 4:6 ( 23:21, 26:27,22:28,26:25,28:29) -оор хожигдов. Эхний дөрвөн сетийн дараа нийлбэр сетийн оноо 4:4 болж, шийдвэрлэх тавдугаар сетэд ганц оноогоор ялагдлаа.
Эрэгтэйчүүдээс Жанцангийн ГАНТӨГС эхний даваанд Энэтхэгийн Адитя Чоудхарид 5:6( 29:27,29:27,24:28,25:29,27:27) оноогоор дийлдэв. Таван сетийн дараа хоёр харваачийн оноо 5:5 болж тэнцсэн тул товх харвахад дахин хоюулаа 9:9 онов. Ингээд хэмжилт хийн байны төвд (Х) илүү ойр оносон Энэтхэгийн тамирчин ялалт авлаа.
Энхтөрийн НАРМАНДАХ мөн эхний даваанд Финландын Антти Викстремд 0:6( 24:28,29:30,27:28) оноогоор гурван сетэд ялагдлаа.
Урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн Доржсүрэнгийн ДАШНАМЖИЛ эхний даваанд гоц мөргөн, хоёрын даваанд Энэтхэгийн Атул Верматай цэц сорин 6:4( 26:24,27:27,28:26,27:28,27:27) оноогоор хожин шилдэг 16-д шалгарлаа.
Ингээд 1/8 буюу шөвгийн наймд үлдэхийн төлөө ОХУ-ын харваач , буриад хөвүүн Галсан Базаржаповтой цэц сорилоо.
Эхний хоёр сетэд манай харваач 28:27, 29:28 оноогооо илүүрхэж, 4:0-ээр хошуучилсан. Харин гурав, дөрөв дэх сетэд 25:29, 26:28 оноогоор дийлдэв. Нийлбэр оноо адилхан 4:4. Шийдвэрлэх тавдугаар сет.
Дашнамжил эхний сумаа 10-д зоолоо. Өрсөлдөгч нь 8 онолоо. Хоёр дахь сумаа манай харваач 9-д, Оросын харваач дахиад наймд. Энэ сетийн оноо 19:16 манайх илүү. Сүүлийн сумаа 8-д оноход л манай ялалт манайд ирнэ.
Юу вэ? манай харваач 4 онох нь тэр!!!!!
Буриад хөвүүн 9 оносноор энэ сетэд 25:23-аар хожин, нийлбэр дүнгээр 4:6-аар ялалт ОХУ-ын тамирчинд очлоо. Үнэхээрийн харамсаад барамгүй!!!
Гэхдээ “Янктон-2021” ДАШТ-д манай тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Д.Дашнамжил.
Маш сайн харвалаа, гэхдээ түүнд бүүр их боломж байна. 23 настай залуу харваач маань хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан билээ.
Ийнхүү энэ удаагийн ДАШТ манай тамирчдын хувьд дууслаа. Маргааш багийн, нөгөөдөр компаунд хувийн, бүтэн сайнд рекурв хувийн төрлийн медальтнууд тодорно.
Сэтгэгдэл ( 0 )