Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
Есдүгээр сарын 12-нд Латвид эхэлсэн футзалын Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхэлж, шөвгийн найман багийн нэрс тодорч эхэллээ.
ОХУ-ВЬЕТНАМ 3:2
Футзалын ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, Европын аварга , дэлхийн шилдэг футзалын багуудын нэг ОХУ-ын хөлбөмбөгчидтэй Вьетнамын баг тун сайн үзлээ. Тоглолтын төгсгөлд хаалгачаа талбайн тоглогчоор солиод хоёр ч маш гоё гоол оруулах, тоглолтын дүнг тэнцүүлэх боломж үүсгэсэн ч ашиглаж чадсангүй. ОХУ-ын багт Густаво, Ромула, Робиньо, Эдер Лима нарын бразил легионерууд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
ВЕНЕСУЭЛ-МАРОККО 2:3
ДАШТ-д анх удаа оролцож буй Венесуэлийн хөлбөмбөгчид чамгүй өндөр амжилт үзүүллээ. Футзалын ДАШТ-д дөрвөн удаа оролцсон Марокко аргагүй л туршлагаар илүүрхэн хожиж,шилдэг наймд шалгарлаа.
БРАЗИЛ-ЯПОН 4:2
Футзалын ДАШТ-ий таван алт, мөнгө, хүрэл медальт Бразилийн багтай Японы баг сайн тоглолоо. Сүүлчийн минут хүртэл Япончууд ганц гоолын зөрүүтэй хожигдож яваад хаалгачаа талбайн тоглогчоор сольсон үедээ сөрөг довтолгооноор гоол алдсанаар тоглолтын хувь заяа шийдэгдэв.
АРГЕНТИН-ПАРАГВАЙ 6:1
Дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Аргентиний баг эхлээд нэг гоол алдсан ч ур чадвар, тактикаар илт илүүрхэн төвөггүй ялалт авлаа, нэг тивийн багаасаа.
КАЗАХСТАН-ТАЙЛАНД 7:0
Казахстаны хөлбөмбөгчдийн амжилт Бразилтай шууд холбогдоно. Багийн дасгалжуулагч нь Бразилийн мэргэжилтэн Фигуэро. Мөн багийн ахлагч хаалгач Игита болон талбайн тоглогч Дуглас, Тайнан нар бүгд Бразилд төрсөн ч , Казахстаны пасспорт өвөртөлсөн хөлбөмбөгчид юм.
Маргааш буюу есдүгээр сарын 24-д Узбекистан-Иран, Португал-Серб, Испани-Чехийн багуудын тоглолтоос шөвгийн найман баг нэр тодорхой болно.
Одоогоор шөвгийн наймд Бразил-Мароккотай, Аргентин-ОХУ-тай учраа таарсан. Казахстаны баг Узбекистан-Ираны аль ялсантай оноолт таарна.
Мөн Португал-Серби, Испани-Чех гэсэн Европын дөрвөлөөс ялсан хоёр нь хоорондоо шөвгийн наймд тоглох юм.
Сэтгэгдэл ( 0 )