Китанофүжи: Тэрүнофүжи түрүүлэхгүй бол би үсээ хусуулъя

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Мэргэжлийн сүмо бөхийн 52 дахь ёкозүна, NHK телевизийн сүмо тайлбарлагч Китанофүжи "Чюүничи спорт" сонинд өөрийн хөтөлдөг булантай.

Гашуун үгээр хөөрхөн чимхдэг түүний тайлбарт сүмо сонирхогчид дуртай. Түүний булангаар зочилцгооё.

“Китанофүжи булан”

Намрын тэмцээнд нэг л сэнсаац гарах мэт совин төрөөд явчихлаа. Түрүүлэх нь ойлгомжтой гэж байсан Тэрүнофүжи хоёр уналаа. Унах унахдаа тун эвгүй байдлаар өвдөг шороодлоо.

Мэйсэйгийн дайралтыг зүүн тогтоосон ч цээж сөхөгдөөд Мэйсэй баруун шуудагны барьц авангуутаа лавшруулаад зүүн барьц ч авч чадлаа. Харин Тэрүнофүжи нэг л сандарч тэвдсэн байдалтай. Мавашины барьцгүй байж, шидэх гэж үзээд л. Тэрүнофүжиг ингэж байхыг хараагүй удаж. Мэйсэй ч барьц ханасан тул ёрикири дайрч, бүр мордоод л.
 

 


Тэрүнофүжи үзэгчдийн суудал хүртэл нисээд явчихлаа. Нүдэндээ эргэлзмээр ялагдсан. Энэ тэмцээнд сайн барилдахгүй байгаа ч Мэйсэй урагш дайрдаг бөх ямар аюултай байдгийг харуулж чадлаа.

Харин Тэрүнофүжигийн түрүүлэх эсэх эргэлзээтэй болоод явчихлаа.
 


Тэрүнофүжи Кирибаяматай барилдсан өдрөөс эхлээд нэг л өөр, эрч хүчгүй болоод эхэлсэн. Дайэйшёотой барилдахдаа юу ч хийж чадалгүй түлхүүлсэн бол Үраг амархан ялж чадаагүй, зүдэрсэн.

11 дэх өдөр комүсүби Такаясүтэй барилдахдаа ядарч цуцсан нь илэрсэн гэж хэлэхэд болно. Баруун өвдөгний хуучин гэмтэлдээ зовниж байгаа мэт харагдсан нь санаа зовоож байна. Гэмтэл нь гайгүй л байгаасай.

 


Хоёр унаатай Тэрүнофүжиг 3 унаатай дөрвөн бөх нэхэж явна. Тэрүнофүжи түрүүлэх нь тодорхой гэж хэлэхэд бэрх боллоо. Өнөөдөр Тэрүнофүжи Митакэүмитэй барилдана. Нэг түрвэл тэр чигээр нь гаргадаг өрсөлдөгч тул хэн нь ялахыг би хэлж, тааварлаж чадахгүй нь. Хэрэв Тэрүнофүжи өнөөдөр ялагдаад, тэгээд түрүүлж чадахгүй юм бол түүнийг найдвартай түрүүлнэ гэж зарлаж, ярьж байсан миний бие харакири хийж, гэдсээ ярахаас өөр аргагүй болох биз. Гэхдээ гэдсээ зүсэхэд цус их гарах тул болиод хуруугаа огтлох уу? Арай л хуучны арга юм даа. Тэгэхээр хэрэв аварга түрүүлж чадахгүй бол үсээ хусуулья. Ийм байдалд орно гэж бодсонгүй. Сүмо таамаглахад хэцүү. Тийм болохоороо сонирхолтой. Намрын тэмцээн дуусах болоогүй байна. Хүлээгээрэй. Үлдсэн хоногийн барилдааныг хамтдаа шимтэн үзэцгээе.

Китанофүжи

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(172.69.252.138) 2021 оны 09 сарын 25

Оношо түрүүлэх бх шүү

0  |  0
durgui(66.181.161.101) 2021 оны 09 сарын 24

ene muugiin sain gej yu baisiin

0  |  0
Top