ОХУ-ын теннисчин, Риогийн олимпын аварга, Токио олимпын мөнгөн медальт Елена Веснинагийн гэрт энэ сарын 11-нд хулгай орж, сейфийг нь эвдлэн, олимпын медаль, үнэт зүйлсийг нь хулгайлсан талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Елена сонин хэвлэлээр гэмт этгээдүүдээс медалийг нь буцаан өгөхийг гуйсан билээ. Хэргийг бүлэг хулгайч үйлдсэн нь тодорхой болсон бөгөөд тэд олимпын аваргын хүсэлтийг сонссон бололтой. Энэ сарын 23-нд түүний амьдардаг Москвагийн ойролцоох хотхоны харуулын байрны дэргэд медалийг нь хайрцаг чихэр, уучлал гуйсан захидалтай хамт орхисон байжээ.
Веснина “Олимпын хоёр медалийг минь чихэр, захиатай орхисон байсан гэсэн. Би одоогоор аваагүй байна. Цагдаагийн газар шалгаж байгаа. Захидалд яг юу бичсэнийг нь уншаагүй байна” гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )