Т.Болортуул ялагдаж, мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 25

ОХУ-ын нийслэлд болж буй армийн боксын ДАШТ-ий алтан медалийн эзэд тодорсоор байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн ОУХМ Т.Болортуул өмнөх тоглолтод Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялснаар мөнгөн медалийн болзлоо хангасан.

Харин өнөөдөр манай тамирчин Армийн дэлхийн аваргын төлөө ОХУ-ын Гавьяат тамирчин Дарья Абрамоватай тулалдлаа.

Дарья Абрамова 31 настай. 2012 оны ДАШТ-ий хүрэл медальт. 2008, 2016 оны Европын аварга. 2019 оны Европын наадмын хүрэл медальтай. ОХУ-ын 4 удаагийн (2015, 2016, 2018, 2020) аварга.

Эхний үе орос тамирчны бүрэн ялалтаар өндөрлөлөө.

Дарья угсруулан, оновчтой цохиж, зайгаа барин, оноо цуглуулж байлаа. Үе дуусахаас 20 секундын өмнө манай тамирчин нокдаунд орж, тоолууллаа.

Хоёрдугаар үед Т.Болортуул оноогоо нөхөх гэж эхний секундээс дайрсан. Ойроос тоглож, довтолж байсан ч бас л үе дуусахаас 20 секундын өмнө тоолууллаа.

Гуравдугаар үед Т.Болортуул оноо нөхөх гэж оролдоод барсангүй, шүүгчдийн саналаар ялагдлаа.

Гэхдээ манай тамирчин Армийн ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top