Хүндийг өргөлтийн Азийн аварга, Универсиадын аварга, Казахстаны тамирчин Альберт Линдер энэ сарын 17-нд амиа хорлосон нь Казахстаны спортын ертөнцийг донсолголоо. Яагаад 25 настай залуу тамирчин амиа хорлов?
Линдерийн үхлийн дараа түүний найз тамирчид медалиудаа хогийн саванд хаяж, Казахстаны хүндийг өргөлтийн шигшээ багт сэтгэл зүйн дарамт ихтэй, тамирчдаа ялган гадуурхдаг гэж мэдэгдлээ. Цагдаагийн газраас энэ хэргийг “Хүнийг амиа хорлох хүртэл дарамталсан” гэдэг зүйл ангиар шалгаж байна.
Альбертын найзууд дасгалжуулагч Сергей Седовт гол бурууг өгч байна. Седов үгэнд нь орохгүй, шударга үнэнч тамирчдыг шахан хавчдаг, том тэмцээнд оруулахдаа төлөөс нэхдэг, зоддог гэж тэд хэлж байгаа юм. Мөн тамирчдын цалинг хувьдаа завшдаг, шагналын мөнгөнөөсөө хувь өгдөг тамирчдыг л гадаадын тэмцээнд авч явдаг байсан ажээ.
Сергей Седов 2017 онд зодооны хэргээр 3 жилийн тэнсэн харгалзах ял авсан ч шигшээ багтаа ажилласаар байжээ. Чухам тэр л Альберт Линдерийг Риогийн олимпод оролцох гэж байхад нь сэргээшийн хэрэгт “оруулсан” гэнэ.
Тамирчид Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарту Токаев, ҮОХ-ны тэргүүн Тимуру Кулибаев, Соёл, спортын сайд Актота Раимкулова нарт хандаж, Хүндийг өргөлтийн холбоог шалгах, шигшээ багийг шударгаар бүрдүүлэхийг шаардсан байна.
Сэтгэгдэл ( 0 )