ОХУ-ын дотоодын нөхцөл байдлаас үүдэн тус улсаас нефтийн бүтээгдэхүүн импортлогч манай улсад өнгөрсөн өдрүүдэд шатахууны нөөц, хангамжид асуудал үүссэн. Гэхдээ төр засгийн холбогдох байгууллагууд, шатахууны салбарын аж ахуйн нэгжүүдийн хамтын хүчин зүтгэлээр шатахууны асуудал эхнээсээ шийдвэрлэгдэж байна.
Төрийн эрх бүхий байгууллагууд салбарын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран БНХАУ-аас шатахууны татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд богино хугацаанд эерэг үр дүнгүүд гарч буй юм. Тухайлбал, өмнөд хөршийн Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс эхний 150 вагоныг нийлүүлж байгаагаас есдүгээр сарын 26-ны өдөр “Лекс ойл” компанийн захиалгат 38 вагон, “Шунхлай” компанийн 12 вагон ачаа Замын-Үүд өртөөнд орж иржээ.
Энэ шатахууныг Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан хангалтын вагонцистернүүдэд шуурхай ачилт хийхээр ажиллаж байгаа аж. Ингэхдээ Улаанбаатар төмөр замын эзэмшлийн 28 вагонцистернээс гадна “Лекс ойл” компанийн 70 гаруй вагоныг ашиглан, тухайн компанийн хувийн хөрөнгөөр тээвэрлэж Замын-Үүдэд авчран нийслэл рүү шат дараатай илгээх арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.
Эхний цуваагаар орж ирсэн шатахуун ачсан вагонцистернүүдийг түргэн суллаж аж ахуйн нэгжүүдэд жигд хуваарилан нийслэл рүү илгээхээр эрх бүхий байгууллагуудын бүрэлдэхүүн аж ахуйн нэгжүүдтэй хамтран газар дээр нь ажиллаж байна.
“Лекс ойл” компани нь БНХАУ-ын вагонуудын ачааг түргэн буулгах, шатахууны хангалтыг хэвийн болгох, шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүдийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хангах зорилгоор дараах байдлаар ажиллаж байна. Тодруулбал, Замын-Үүд өртөөнд 24000 м.куб багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахыг нарийн болон өргөн царигийн салбар төмөр замын хамтаар барьж байгуулж байгаагийн зэрэгцээ дотоодын тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах, ачаа эргэлтийг түргэсгэхээр 100 гаруй вагонцистернээр тээвэрлэлтийг хийх бололцоог аж ахуйн нэгжүүдэд бүрдүүлэн өгч буй аж.
Сэтгэгдэл ( 1 )
Өнөөдөрийн шатхуунаа хэрхэн авахаа л боддоо, Замун үүдэд цистерин вагон сэлгэн ачих гэхэд даах кран байхгүй, юүүдэх гэхээр саяхан хүртэл ганцхан насосны амтай л байсан даа , Одоо барьж байгаа байгууламжаас өмнө их юм болох биз. Гэхдээ монголчууд бруугүй гэх биз дээ ккк