Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
Литвад болж буй футзалын 9 дэх удаагийн ДАШТ-ий хагас шигшээд тоглох дөрвөн баг тодорлоо.
МАРОККО -БРАЗИЛ 0:1
Футзалын дэлхийн дархан аварга Бразилчууд Африкийн хошой аварга Мароккогийн багийг мини-футболын бус том хөлбөмбөгийн тоогоор хожиж, найм дахь удаагаа ДАШТ-ий шөвгийн дөрөвт үлдлээ.
ОХУ-АРГЕНТИН 1:1 ( торгуулийн цохилтоор 4:5)
Өмнөх ДАШТ-д финалд үлдсэн хоёр баг энэ удаа шөвгийн наймд учраа таарч ширүүхэн үзлээ. Торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болоход дэлхийн аваргуудыг аз, од түшлээ.
ИРАН-КАЗАХСТАН 2:3
Энэ ДАШТ-ий гол шуугианы эзэд бол яах аргагүй Бразил дасгалжуулагчаар удирдуулж, бразил легионеруудаар хүчээ зузаатгасан Казахстаны хөлбөмбөгчид. Хэсгээсээ нэгээр шалгарч, 16-д Тайландыг 7:0 -ээр бут ниргэсэн Казахууд энэ удаа Азийн төдийгүй дэлхийн шилдэг багуудын нэг Ираны хөлбөмбөгчдийг 2:3-аар хожин , анх удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа. Казахстаны баг тоглолтын нэгдүгээр үед 2:0-ээр хожигдож явсан ч хоёрдугаар үед тоог тэнцүүлж, улмаар Бразил гаралтай Тайнан да Сильва хожлын гоолыг оруулж, түүхэн ялалт байгууллаа.
Ираны баг хасагдсанаар Ази тивийн төлөөлөл үлдсэнгүй. ФИФА-д Казахстан улс Европын бүсэд өөрийн хүсэлтээр ороод олон жил болж буй билээ.
ИСПАНИ-ПОРТУГАЛ 2:4 ( нэмэлт цагт 2:4)
Дэлхийн хошой аварга Испани хоёр гоолоор хожиж явсан ч Португалын баг тоглолтын төгсгөлд тоог тэнцүүлж чадсан. Үндсэн цагийн сүүлчийн хоромд Португалыг хаалганы шон нь аварсан бол нэмэлт цагт Испанийн хамгаалагч өөрийн хаалганд автогоол оруулснаар хөлбөмбөгийн бурхан тэнгэр тэднээс нүүрээ буурууллаа. Хаалгачаа талбайн тоглогчоор солин азаа үзсэн ч бөмбөгөө алдан дахин нэг гоол алдсанаар тоглолтын хувь заяа шийдэгдлээ.
Есдүгээр сарын 29,30-нд хагас шигшээ тоглолт явагдах бөгөөд БРАЗИЛ-АРГЕНТИН , ПОРТУГАЛ-КАЗАХСТАН хоорондоо тоглох юм.
Сэтгэгдэл ( 0 )