Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
Манай хөлбөмбөгийн хорхойтнууд, фэнүүдийн дийлэнх нь өнөөдөр УЕФА-ийн “Аваргуудын лиг”-ийн тухай ярьж, бичих биз ээ. Харин миний хувьд өнөөдөр Өмнөд Америкийн хөлбөмбөгийн клубуудын хамгийн том, хамгийн нэр хүндтэй тэмцээний тухай багахан ч гэсэн дурьдах бодолтой байна.
COPA LIBERTADORES буюу “Либертадоресийн цом” -ийг товчхондоо Өмнөд Америкийн (Conmebol) “Аваргуудын лиг” гээд ойлгочиход нэг их буруудахгүй.
ХVIII зууны эхээр эх орон, төрөлх газар нутгаа Испанийн колонничдоос чөлөөлөх дайныг удирдагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн нэрлэсэн энэ тэмцээн 1960 онд анх зохиогдсон түүхтэй.
Яг 40 жилийн өмнө хүүхэд ахуй насандаа Бразилийн хөлбөмбөгийн шигшээ, Зиког, түүний тоглодог “Фламенго” багийг хувиралгүй дэмжих болсон тэр 1981 онд “Либертадоресийн цом”-ын тухай анх сонсож байжээ. Тэр жил “Фламенго” энэ тэмцээнд түрүүлж, Зико маань тэмцээний “мэргэн буучаар” 11 гоолтой тодорсон тухай жижигхэн мэдээ олж уншаад хичнээн их баярлаж байснаа одоо ч тод санаж байна. Улмаар “Либертадоресийн цом”-ын эзэн болсноор “Фламенго” маань Өмнөд Америкаа төлөөлөн Европын клубуудын аварга “Ливерпуль”-тай “Тив хоорондын цом”-ын (Одоогийн Клубуудын дэлхийн аварга) төлөө өрсөлдөн 3:0-ээр ялан, Зико шилдэг тоглогчийн шагналыг мөн хүртэж байлаа.
Энэ үеэс л “Либертадоресийн цомын” тухай чих тавьж, харин сүүлийн жилүүдэд мэлмийгээ баясгадаг болсон бөлгөө.
“Либертадорес”-ийн цомд Аргентиний “Индепендьенте” долоо, “Бока Хуниорс” зургаа, Уругвайн “Пеньяроль” таван удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг. Бразилиас “Сантос” , “Сан Паулу”, “Гремио” гурван түрүүтэй.
Хөлбөмбөгийн хаан, дэлхийн гурван удаагийн аварга Пеле энэ тэмцээнд ердөө хоёр удаа түрүүлж байсан гэхээр ямархуу өрсөлдөөнтэй болдогийг барагцаалж болно. Пеле 1965 онд ганц удаа “Либертадоресийн” цомын мэргэн буучаар шалгарч байж.
Энэ тэмцээнд Бразилийн долоо, Аргентиний зургаан баг, бусад найман орон тус бүр дөрвөн квоттой байдаг бөгөөд аварга баг дараа жилийн тэмцээнд шууд оролцох эрхээ авдаг журамтай.
Энэ жилийн тэмцээн сүүлийн жилүүдэд байгаагүй өрсөлдөөнтэй, бас сонирхолтой болж байгаа.
Хагас шигшээд гэхэд Бразилийн дөрвөн баг үлдэж, ховор түүх бичих тун дөхсөн.
“Фламенго”, “Атлетико Минейро”, “Пальмейрас” хагас шигшээд үлдээд харин “Флуминенсе” шөвгийн наймд Эквадорын “Барселона”-тай 2:2,1:1 -ээр тэнцэн айлын талбайд оруулсан гоолын дүрмээр хагас шигшээд үлдэж чадаагүй билээ.
Хагас шигшээ эхний тоглолтод “Пальмейрас”-Атлетико Минейро” 0:0-ээр тэнцсэн. Эхний үеийн төгсгөлд Испанийн шигшээ, “Челси”, “Атлетико Мадрид” багуудад тоглож явсан, одоо “Атлетико Минейро”-д зүтгэж яваа Диего Кошта багтаа пенальти авчирсан ч , тэрийг нь Бразилийн шигшээд тоглож явсан Халк цохиод шон оноод талаар болгов. Гэхдээ Халк бас л гайгүй формтой байх шиг. 40-50 метр зайнаас л хоёр удаа айхтар хүчтэй, аюултай цохилт хийсэн.
“Атлетико Минейро” ер нь илүү байлаа, айлын талбайд гэхэд. “АМ”-д Диего Кошта, Халк нараас гадна Чилийн шигшээгийн Варгас, Парагвайн шигшээгийн Жуниор Алонсо нар бий.
“Пальмейрас”-ийн бүрэлдэхүүнд ч Бразилийн шигшээгийн хаалгач Вевертон, Италийн “Интер”, Юве”-д болон Бразилийн шигшээд тоглож явсан Филепе Мело, Парагвайн шигшээгийн Густаво Гомес, Чилийн шигшээгийн Бенжамин Кушчевич, Италийн “Милан”, Москвагийн “Спартак”-т тоглож явсан Адриано гээд нэрийг нь сонсож, зүсийг нь харсан нөхөд бий бий.
Хоёр дахь хагас шигшээд Бразилийн “Фламенго” Эквадорын “Барселона” -г талбайдаа , алдар цуут “Маракана”-даа хүлээн авч 2:0-ээр хожсон. Хоёр гоолыг хоёуланг нь “дэлхийн хамгийн хурдан хөлбөмбөгчин” Бруно Энрике оруулсан.
“Фламенго”-д та бүхний сайн мэдэх Филипе Луис, Родриго Кайо, Андреас Перейра (МЮ), Диего, Эвертон Рибейро, Давид Луис, Диего Алвес гээд Бразилийн шигшээгийн үе үеийнхнээс гадна Уругвайн шигшээгийн Арраскаэта, Чилийн шигшээгийн Исла, Парагвайн шигшээгийн Мендоза гээд олон шилдэг тоглогчид тоглож байна даа.
“Фламенго”-ийн “Габи-Гоол” Габриэл Барбоза энэ жилийн тэмцээний “ мэргэн бууч”-ийн жагсаалтыг 10 гоолтой тэргүүлж яваа.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 28-нд “Атлетико Минейро” Белу Оризонте хотынхоо “Эстадио Минейро” цэнгэлдэхдээ Сан Паула хотын “Пальмейрас”-ийг хүлээн авч хагас шигшээ хоёр дахь тоглолтоо хийх бол маргааш есдүгээр сарын 29-нд Рио е Жанейрогийн “Фламенго” Эквадорын Гуаякиль хотын “Исидро Ромеро Карбо монументаль эстадио”-д зочлон тоглох юм.
Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялсан багууд “Copa Libertadores”-ийн 2021 оны аварга цолын төлөө арваннэгдүгээр сарын 27-нд Уругвайн Монтевидео “Эстадио Сентенаро”-д ганцхан удаа тоглох билээ.
Сэтгэгдэл ( 0 )