БНАСАУ өчигдөр /2021.09.28/ шинэ хэт авиан пуужин туршсан талаар Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлжээ.
Хэт авиан “Хвасон-8” пуужингийн анхны туршилтыг Хойд Солонгосын умард зүгт орших полигоноос хийсэн байна.
Пуужинг БНАСАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академид зохион бүтээжээ.
Хойд Солонгос пуужингийн туршилтуудаа шинэ Төмөр замын пуужингийн хорооныхоо хүчээр хийсэн байна. Туршилтын явцад шинэ хэт авиан пуужингийн чадвар, бат бэх байдал, техникийн үзүүлэлтүүдийг шалгажээ.
БНАСАУ стратегийн зэвсэг бүтээх таван жилийн төлөвлөгөөнийхөө хүрээнд дуунаас хурдан зэвсэг бүтээх ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдээлсэн юм.
Мягмар гарагийн өглөө Японы Засгийн газар “БНАСАУ Японы тэнгис рүү баллистик пуужинтай төстэй объект харвалаа. Пуужин 200 км орчим зайд ниссэн” гэж мэдэгдсэн билээ.
БНАСАУ энэ сарын 15-нд мөн Японы тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан юм. Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлснээр, тус улс галт тэрэгнээс пуужин харвах туршилт хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )