ОСЛО-2021: ДАШТ-д гарах шилдэг 5 барилдаан

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

Маргааш Норвегид чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхэлнэ. 

Энэ тэмцээн Парисын олимпын гараа гээд хэлэхэд ч буруутгах зүйлгүй. Токиогийн олимпын хоёр аварга, 9 медальтан олимпын дараах ДАШТ-д зодоглож байна.

Бид энэ ДАШТ-д гарч болзошгүй хамгийн сонирхолтой таван барилдааныг танилцуулж байна.

Дашрамд дурьдахад, Ослод сүүлийн 3 олимпын 6 аварга барилдана.
 


№5. 92 кг. Магомед Курбанов (ОХУ) VS Жейден Кокс (АНУ)
 


Өнөө цагийн бөхийн ертөнцөд Жейден Кокс шиг ууртай, өлсгөлөн бөх байхгүй болов уу. Тэр Снайдерийн оронд Токиогийн олимпод оролцож болох байсан. Гэвч сорил барилдааны жин үзэлтээс хоцроод олимпгүй үлдсэн. Кокс энэ жинд дэлхийд хоёр ч түрүүлсэн. ОХУ-ын Магомед Курбанов бол Европын аварга, 2021 оныг дэлхийн аваргын хэргэмтэй үдэхээр зэхэж байна.


№4. 74 кг. Кайл Дейк (АНУ) VS Тимур Бижоев (ОХУ) VS Хетик Цаболов (Серби)
 


Кайл Дейк энэ жинд Токиогийн олимпын хүрэл медалиас гадна домогт Барроузыг өөр жин хайхад хүргэсэн гэдгээрээ алдартай. АНУ-ын бөхийн холбоо түүнийг дасал болсон 79 кг-д илгээгээд Барроузийг 74-д барилдуулж болох байсан ч Дейк 74 кг-аа сонгосон. Түүний гол өрсөлдөгч нь Оросын Тимур Бижоев. Бижоев олон улсын олон цом байхгүй ч Орос дотроо жингийнхээ бүх лидерийг ялж байсан. Ослод дэлхийн аварга Хетик Цаболов Сербийн далбаан дор барилдана.


№3. 125 кг. Таха Акгюль (Турк) VS Гено Петриашвили (Гүрж) VS Амир Заре (Иран)
 


Хамгийн хүнд жинд АНУ-ын Гейбл Дан Стивсон гэнэт гарч ирэн, олимпод түрүүлээд мөн л гэнэт алга болсон. Түүнийг удаан хугацаанд 125 кг-д ноёрхох нь гэж эмээж байсан хуучны аваргууд амьсгаа авч тайвширлаа. Риогийн олимпын аварга Таха Акгюль, олимпын хос медальт Гено Петриашвили нар дэлхийн хэргэмийн төлөөх гол өрсөлдөгчид. Гэхдээ Токиогийн олимпын хүрэл медальт Ираны Зарег дурдахгүй байж болохгүй. ОХУ-аас Зелимхан Хизриев хэмээх шинэ залуу барилдана.

№2. 86 кг. Дэвид Тэйлор (АНУ) VS Хасан Язданишариати (Иран)
 


Тэйлор, Хасан Язданишариати хоёрын барилдааныг бөх сонирхогчид тэсэн ядан хүлээж байна.

Магадгүй Садулаев, Снайдерийн барилдаанаас илүү сонирхолтой байх. Хэрэв Яздани Токиогийн олимпод түрүүлсэн бол энэ ДАШТ-д ирэхгүй байсан нь тодорхой. Токиод халз үзэлцээд эцсийн мөчид ялалтаа алдсан Яздани хувцас солих өрөө хүртэлх замдаа таарсан ширээ сандлуудыг өшиглөөд уйлаад явж байсан нь энэ удаа тэдний барилдаан бөх гэхээсээ холимог тулаан мэт хатуу ширүүн явагдана гэдгийг илтгэнэ. Хоорондын барилдааны харьцаа 2:0, Тэйлор илүүрхэж байгаа. ОХУ-ын Артур Найфоновыг тооцооноос хасч болохгүй.
 


№1. 97 кг. Абдулрашид Садулаев (ОХУ) VS Кайл Снайдер (АНУ)
 

Барилдааны харьцаа 2:1, Абдулрашид Садулаев тэргүүлж байгаа. Чөлөөт бөхийн ертөнцийн хамгийн сонирхолтой энэ тулааныг сүүлийн 3 сард хоёр дахь удаагаа бид харах боломжтой. Садулаев ялах магадлал өндөр. Тэр олимпын хошой аварга болсон төдийгүй Кайлыг сүүлийн хоёр барилдаанд ялаад байгаа. 2017 онд ялагдахдаа Садулаев шинэ жин, танихгүй өрсөлдөгчидтэйгээ танилцаж амжаагүй байлаа. Харин 2018, 2021 онд учраа таарахдаа Орос танк ямар ч эргэлзээгүй ялсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 02

Яасан их мэддэг юм бэ, эднийг таарч барилдана гэж яааж мэдэж байна аа

0  |  0
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 02

Яасан их мэддэг юм бэ, эднийг таарч барилдана гэж яааж мэдэж байна аа

0  |  0
Top