Т.Тулга хагас шигшээд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 03


Чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг, 65 кг, 79 кг, 92 кг-ийн барилдаан явагдаж байна.

65 кг-ийн жинд ОУХМ Т.Тулга эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Японы Кайки Ямагүчиг 3-2 ялсан.

Шөвгийн наймд Армений Вазген Теваньянтай барилдаж, 2-1 ялснаар шилдэг 4-т шалгарлаа.

Ингээд хагас шигшээд Оросын Шахиевтэй барилдлаа. Загир Шахиев шөвгийн наймд Туркийн Селахатин Килищалаяныг 10:0 цэвэр ялсан юм. Тэрээр 22 настай. Энэ жилийн Европын аварга. 2020 оны Оросын АШТ-ий хүрэл, энэ жилийн АШТ-ий мөнгөн медальтай. Улсын аваргаар олимпын аварга Сослан Рамоновыг ялж, шуугиан тарьсан бөх.

Эхний үед манай бөх 2-0 тэргүүлж явсан ч хоёрдугаар үед 4 оноо алдсан. Барилдаан дуусах мөчид ард нь гарч, хоёр оноо авч, тэнцүүлсэн ч бүхэл оноогоор орос бөх ялж,  финалд шалгарлаа. Манай баг эсэргүүцэл гаргасан ч хүлээж авсангүй.  

Энэ шүүлтийн талаар гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр “Цэвэр шүүгчдийн алдаанаас болж харамсалтай луйвардуулж байна !!! Ахин зарга мэдүүлсэн хариугаа хүлээж байна !!! Барилдааны төгсгөлд дасгалжуулагч 2+2=4 гэсэн оноотой санал нийлээгүй challenge хийсэн. Ингээд үр дүнд нь challenge won буюу бид заргаа авсан. Ингээд барилдаан 2:2 гэсэн онооноос үргэлжлэх байтал цагчин шүүгч ОХУ-ын бөхийн оноог хасаагүй төдийгүй , дэвжээний шүүгч барилдааныг эхлүүлсэн. Ингээд манай Тулга үлдсэн 22 секундэд тойрч ард нь гарч  2 оноо авснаар 4:2-ын харьцаагаар ялалт авах байлаа” гэж бичжээ.

Маргааш манай бөх Энэтхэг, Туркийн бөхийн ялсантай хүрэл медалийн төлөө барилдана. 

Гэрэл зургийг Д.Нямбилэг, Осло хотоос 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.77) 2021 оны 10 сарын 04

Цагчин шүүгч Лхагвагэрэл дээр бас 2 ч удаа оноог нь буруу гүйлгэсэн кяачихсан нөхөд байдаг бнаа

0  |  0
Top