Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шагналын сан 2.6 сая ам.доллар

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ 2021 оны 12 дугаар сарын эхээр Туркийн Истанбулд явагдахаар болжээ.

Тодорхой өдөр, хугацааг удахгүй зарлах гэнэ.

Эмэгтэй дэлхийн аваргын тэмцээний үеэр AIBA холбооны ээлжит бус чуулган болно.
 


Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) тэргүүн Умар Кремлёв “Турк бол баялаг түүхтэй, боксын гүрэн. ДАШТ-ийг зохион байгуулах болсон Туркийн боксын холбоо, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Спортын сайд нарт баярласнаа илэрхийлье. AIBA холбоо маш хурдан өөрчлөгдөж байгаа. Бид үндэсний холбоодыг дэмжих бодлого баримталж байна. Боксын спортын нэгэн том зорилго бол жендерийн эрх тэгш байдал. Тийм болохоор эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шагнал эрэгтэйчүүдийн тэмцээнтэй ижил байх болно. Манай холбооны 75 жилийн түүхэнд анх удаа дэлхийн аваргын медаль хүртсэн тамирчдад их хэмжээний мөнгөн шагнал олгож байна” гэж мэдэгдлээ.

Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шагналын сан 2.6 сая ам.доллар. Алтан медальтан 100 мянган ам.доллар авах бол мөнгөн медаль 50 мянга, хүрэл медаль 25 мянган ам.долларын шагналтай.

Энэ жилийн эрэгтэйчүүдийн ДАШТ аравдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 6-нд Сербийн Белград хотод болох билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top