"Нарны хүү, сарны охин"-ы захирал Д.Гүрсоронзод 10 жилийн ЯЛ ОНООЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

“Нарны хүү, Сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нар  "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авч, залилсан байдаг.

Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж,  тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн бөгөөд дээрх компаниас болж 400 гаруй 8,5 тэрбум төгрөгөөр хохирсон юм.

Улмаар шүүх хурал өнгөрөгч есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийт 65 цагийн турш үргэлжилж, шүүгдэгч Д.Гүрсоронз, Д.Батбаяр, Д.Одгэрэл нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон.

Шүүгдэгч нар нь холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байсан нөхцөл байдлаа нуух замаар “Орон сууцны хотхон барьж байгаа” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материалыг бэлтгэн, түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 мкв үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн 5 хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн 457 иргэнээс 8,661,779,880 төгрөг татан төвлөрүүлсэн байна.

Хуульд зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр хохирол төлбөр төлөх зорилгоор ажлын таван өдрийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд өнгөрөгч баасан гараг буюу аравдугаар сарын 1-ний өдрийн 14:00 цагаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан болсон юм.

Улмаар шүүхээс Монгол Улсын нэрийн өмнөөс Шийтгэх тогтоол гарч шүүгдэгч Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял оногдуулж, тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7,265,839,273 /долоон тэрбум хоёр зуун жаран таван сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

Прокурорын байгууллагаас битүүмжилсэн байсан шүүгдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, дансны гүйлгээ хязгаарласан арга хэмжээг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэртээ заасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top