Норвегийн Ослод болж байгаа бөхийн төрлийн ДАШТ-ий гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 70 кг-д Б.Батмагнай, 97 кг-д Ө.Батзул, эмэгтэй 55 кг-д Э.Сумьяа, 62 кг-д Э.Гантуяа нар барилдаж байна.
Ө.Батзул эхлээд 2020 оны Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Канадын Nishan Preet Singh RANDHAWA-тай таарсан. Манай бөх энэ барилдаанд 10:0 оноогоор цэвэр ялсан.
Дараагийн тойрогт тэр олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, АНУ-ын Кайл Снайдертай барилдлаа. Манай бөх 2018 онд Красноярскт түүнийг ялж байсан.
Тиймээс ч Кайл их болгоомжтой, хянамгай барилдсан. Ө.Батзул ч эмээх зүйлгүй барилдсан. Онооны харьцаа 14:4 америк залуу оноогоор цэвэр ялсан ч энэ харьцаа огт өөр байх боломж байлаа.
Снайдер хашир туршлагаар илүүрхсэн гэхэд болох юм. Шүүгч барилдааныг зогсоогоод эхлүүлэнгүүт Кайл гэнэдүүлэн хөлд орсон, Хоёрдугаар үе эхлэнгүүт мөн оноо түүсэн гэх зэргээр оноо их алдаж байлаа.
Мөн өөрийн хийсэн мэхэндээ оноо алдаж байв. Манай бөхийн авсан оноонууд уг нь бүхэл оноо байж болохоор байсан.
Гэрэл зургуудыг Д.Нямбилэг, Осло хотоос
Сэтгэгдэл ( 0 )