Норвегийн Ослод чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Рохит Рохиттой барилдаж, цэвэр дарснаар энэ ДАШТ-ий Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа.
Уг нь түүний медалийн өнгө өөр байх ёстой байлаа. Харамсалтай нь, шүүлтийн алдаанаас болж, хүрэл дээр буулаа. Токиод олимпын найдвар гэж яваад медальгүй хоцорсон залуу ийн Ослод дэлхийн медаль авч чадлаа.
Тэрээр барилдааны дараа “Юуны өмнө ДАШТ-ий хоёр дахь хүрэл медалийг авсандаа их баяртай байна. Бөх гэдэг бол бүтээгдэхүүн юм. Багш дасгалжуулагч нар, ойр дотнын хүмүүс, Монголын ард түмэн, бүх хүн дэмжсэн болохоор би дэлхийн бүтээгдэхүүн болж чадлаа. Маш их баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга “Юуны өмнө дэлхийн аваргаас хоёр дахь медалиа авч байгаадаа баяртай байна. Өчигдөр шүүгчийн ажиллагаатай холбоотойгоор манай бөх ялалтаа алдсаныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр бид ялагдсан ч олимпын наадамд шүүгчтэй нь хамт ялах болно. Биднийг дэмжсэн бүх хүн, бэлтгэл хангагч нар, ард түмэндээ баярлалаа гэж хэлье”
Сэтгэгдэл ( 0 )