Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
Есдүгээр сарын 12-нд Литвад эхэлсэн футзалын дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээн өндөрлөлөө.
Урьдчилсан тэмцээнээс шалгарсан 24 баг оролцсон тус тэмцээний медалийн төлөө тоглолтууд ням гаригт болсон юм.
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨх ТОГЛОЛТ
БРАЗИЛ-КАЗАХСТАН 4:2
Футзалын дэлхийн 5 удаагийн аварга, мөнгө хүрэл медальт Бразилийн баг шөвгийн дөрөвт анх удаагаа шалгарсан Казахстаны багт 0:1, 1:2 гээд хожигдож явсан ч 32-35 минутад гурван минутын дотор гурван гоол оруулж, улмаар тэргүүллээ алдсангүй ДАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Бразилчууд ийнхүү 9 удаа зохиогдсон ДАШТ-ээс наймд нь медаль ( 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл) зүүв.
Ганцхан 2016 онд л тэд медаль хүртэж чадаагүй билээ.
Бразил дасгалжуулагчаар удирдуулж, Бразилийн легионеруудаар хүчээ зузаалсан Кахастан энэ ДАШТ-ий нээлт болж, түүхэн амжилт гаргалаа. Дэлхийн аварга болсон Португалын шигшээд торгуулийн цохилтоор хожигдсон Казахстанчууд үндсэн цагт ганц удаа ялагдан ДАШТ-ийг дуусгалаа. Мөн тэд “Файр плэй” буюу цэвэр, шударга тоглолттой багийн шагналын эзэд болж, Казахстаны бразил легионер Тайнан 6 гоолоор “хүрэл шаахай” хүртлээ.
ФИНАЛ
АРГЕНТИН-ПОРТУГАЛ 1:2
Дэлхийн аварга Аргентиний хөлбөмбөгчид аварга болох хэцүү, аваргаа хамгаалах бүүр хэцүү гэдгийг мэдэрлээ. ДАШТ-ий шилдэг довтдлогчийн нэг Португалын Пани энэ тоглолтод хоёр гоол оруулснаар 8 гоолтой болж, “ мөнгөн шаахай” шагналын эзэн болов. Аргентинчууд хариу нэг гоол оруулж, тоглолтын төгсгөл хэсэгт илүүрхэн тоглосон ч тоглолтын үр дүнг өөрчилж чадсангүй. Португалын хаалгач, хаалганы шон, хөндлөвч бас багтаа их тус хүргэлээ.
1989 оноос хойш футзалын ДАШТ-д ердөө гурван баг л түрүүлж( Бразил 1989, 1992, 1996, 2008,2012 , Испани 2000,2004, Аргентин 2016 онд) байсан бөгөөд ФИФА футзалын дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг хүртсэн дөрөв дэх баг нь Португал ийн болов.
Тус багийн ахлагч Рикардиньо тэмцээний шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн бол “Мөнгөн бөмбөг”-ийг Португалын Пани , “ Хүрэл бөмбөг”-ийг Казахстаны Дуглас Жуниор хүртсэн.
Тэмцээний шилдэг довтлогчоор 9 гоол оруулсан Бразилийн Феррао шалгарч, Алтан шаахай” шагналын эзэн боллоо.
ДАШТ-ий шилдэг хаалгачаар Аргентиний Николас Сармьенто шалгарч “Алтан бээлий” шагналын эзэн болсон бөгөөд тэрбээр өмнөх ДАШТ-д мөн шилдэг хаалгачаар тодорч байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )