Загир Шахиев: Парисын олимп хүртэл 65 кг-д барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-д тодорсон бөхчүүдийн нэг нь Загир Шахиев.

Тэрээр 65 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга болсон билээ. Түүнийг өнгөрсөн жил тодорсон гэхэд болох юм.

ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд олимпын аварга Сослан Рамоновыг ялж, шуугиан тарьсан. Гэхдээ тэр тэмцээнд Ахмед Чакаевт ялагдсан. Дараа нь Европын АШТ-д түрүүлж, энэ жил олимпын багийн сонгон шалгаруултад ялалт байгуулж, Осло явах эрхээ авсан юм.

Дэлхийн аваргын алтан медалиа авсныхаа дараа тэр сэтгүүлчдийн асуултад ингэж хариулжээ. 
 


 

-Дэлхийн аварга болох ямар байна?

-Сайхан байна. Анх удаа ДАШТ-д барилдаж үзлээ. Амьдралын минь хамгийн том тэмцээн. Шигшээ багийн багш нар, хамт олон, Дагестаны шигшээ баг, туслаж дэмжсан бүх хүнд баярлалаа гэж хэлье. Аав, ээждээ баярлалаа. Хагас шигшээ барилдааны дараа (Т.Тулгатай хийсэн барилдаан) ээжтэйгээ утсаар ярихад “Их сандарлаа. Ямар хэцүү барилдаан болов оо” гээд бараг уйлж байсан.

-Финалд та цэвэр ялах төлөвлөгөөтэй байсан уу?

-Ираны бөх сайн гэдгийг мэдэж байсан тул бүтэн зургаан минут барилдахаар бэлтгэсэн. Цагаас өмнө барилдааныг дуусгаж чадлаа.
 


-Хэрээс мэх таны дархан мэх үү?

-Багаасаа л хийдэг байсан болохоор дархан мэх гэж хэлж болно. Намайг хийдгийг мэддэг мөртлөө бүгд яаж ч хамгаалж чаддаггүй юм.

-Танхим тэр чигээрээ Ираны бөхийг дэмжиж байлаа.

-Би тэднийг юу хашгарч байгааг анхаараагүй. Харин ч үзэгчдийн дуунаас эрч хүч авч байлаа. Тэдний хэлийг мэдэхгүй болохоор юу орилж байгааг нь мэдэхгүй. Дотроо тэднийг Russia гэж хашгарч байна гэж төсөөлөөд барилдсан. Үзэгчдийн энэ их дуун дунд барилдах гоё шүү дээ. ДАШТ-ий уур амьсгал огт өөр юм. Европын АШТ-ээс ялгаатай нь Америк, Ираны шилдгүүд ирдэг.

-Хэнтэй барилдахыг хүсдэг вэ?

-Гар зөрүүлэхийг хүсдэг гадаад, дотоодын олон бөх байна. Японы олимпын аварга Отогүро, Азербайжаны Хажи Алиевтэй барилдмаар байна. Тэд намайг долоо хоногийн өмнө мэддэггүй байсан байх. Харин одоо намайг сонирхох болов уу.

Финалын барилдааны өмнө Жамболат Тедеев дасгалжуулагчтай тааралдахад надад “Ялалт, эсвэл үхэл” гэж хэлсэн. Би ч сэтгэл зүйгээ тэгж бэлтгэсэн байлаа. Сүүлийн нэг жилд үзүүлсэн амжилтдаа сэтгэл хангалуун байна.

Харамсалтай нь, гарын багш маань Ослод ирж чадсангүй. Гэхдээ би дахин ялж, том тэмцээнд багштайгаа ирэхийн төлөө хичээх болно. Багаас минь дасгалжуулсан багшдаа баярлалаа гэж хэлье.
 


-Та 65 кг жиндээ өндөрт тооцогддог. Жин ахих уу?

-Би 65-даа л барилдах сонирхолтой байна. Саяхан би жин ахиж 70, эсвэл 74 кг-д барилдана гэж бодож байлаа. Гэвч одоо надад 65 кг таалагдаж байна. Парисын олимпын циклд 65 кг-д барилдана. Хэзээ нэгэн цагт 74-т шилжиж магадгүй.

-Парист очиж байсан уу?

-Францын шигшээ багтай хамт бэлтгэл хийхээр очиж байсан. Парисын олимпын эрх авч, оролцох хүсэлтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top