Абдулрашид Садулаев: Снайдерийг ялах биш дэлхийн аварга болох гэж ирсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ-ий 97 кг-ын жингийн финалд ОХУ-ын Абдулрашид Садулаев, АНУ-ын Кайл Снайдер гэсэн хоёр олимпын аварга халз тулна. Энэ нь тэдний 4 дэх учраа.

Анх 2017 оны ДАШТ-ий финалд таарахад Кайл 6:5 ялсан. Нэг жилийн дараах дэлхийн аварга дээр Абдулрашид цэвэр ялж, энэ жил Токиогийн олимпод 6:3 ялсан.

Садулаев Ослод Японы Такаши Ишигуро (10:0), Беларусын Александр Гуштын (9:4), Украины Магомед Закариев (11:0) нарыг ялсан. Харин Снайдер Монголын Ө.Батзул (14:4), Македоны дагестан бөх Магомедгажи Нуров (11:0), Ираны Мустафа Голейжа (3:2) нарыг давсан.

Өчигдөр болсон хагас шигшээ барилдааны дараа Абдулрашид Садулаев ОХУ-ын сэтгүүлчдийн асуултад ингэж хариулжээ.

-Өнөөдөр Снайдер сүүлийн мөчид Ираны бөхийг яллаа. Та үзсэн үү?

-Үзээгүй. Хамгийн гол нь ялах л шүү дээ.

-Маргааш та 4 дэх удаагаа Снайдертай барилдах гэж байна. Юу хүлээж байна?

-Мэдээж ялалт хүлээж байна. Тиймээ, бид 4 дэх удаагаа барилдана. Хоёр сарын өмнө Токиод финалд бид учирсан. Энд бас финалд таарлаа. Миний бодлоор олимпод ялах нь илүү хэцүү.

-Та Снайдертай барилдахын тулд л Ослод ирсэн үү?

-Би энд ДАШТ-ий алтан медалийн төлөө ирсэн.

-Тав дахь алтан медаль?

-Тиймээ, тав дахь. Миний гол зорилго бол энэ медалийг авах.

-Ираны бөхтэй таарсан нь дээр байв уу, Снайдер уу?

-Ирантай би дөрвөн сарын өмнө Али Алиевийн тэмцээнд барилдаж байсан. Их хүчтэй, биеийн хөгжил сайтай бөх. Хэн хэнтэй нь гар зөрүүлж байсны хувьд Снайдер тэр хоёрын барилдаан тэнцүү, өрсөлдөөнтэй болно гэж би мэдэж байсан. Хэн нь ч байсан хамаагүй. 

-Таны форм хэр байна?

-Зүгээр, маргааш л мэдэгдэнэ.

-Снайдертай хэрхэн барилдах вэ? Хуучин шигээ юу?

-Өөрийнхөөрөө л барилдана. Шинэ тактик, төлөвлөгөө бодоогүй.

-Токиод та гэмтэлтэй барилдсан. Одоо бүрэн эдгэрсэн үү?

-Бүрэн бол эдгээгүй. Гэхдээ Токиогийн үеэс илүү дээр байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top