Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдрийн медальтнууд өчигдөр (2021.10.07) тодорлоо.
Манай гурван бөх хүрэл медалийн төлөө өрсөлдсөнөөс Э.Даваачимэг, Б.Шоовдор нар ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ.
57 кг-д Эрхэмбаярын Даваачимэг Туркийн Эльвира Камалоглутай барилдаж, 11:0 оноогоор цэвэр ялсан.
Дараагийн тойрогт энэ жилийн Азийн аварга, 2020 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Дэлхийн Цомын мөнгөн медальт, Энэтхэгийн Аншу Маликтай таарч, 1:5 ялагдсан.
Дагах барилдаанд манай бөх Казахстаны Нилуфар Раимоваг 10:0 цэвэр яллаа.
Хүрэл медалийн төлөө Украины Соломия Винниктэй барилдаж, 11:8 ялан, дэлхийн аваргын медаль зүүлээ.
59 кг–д Баатаржавын Шоовдор эхний тойрогт ОХУ-ын Светлана Липатоваг 2:1 ялсан.
Дараа нь 2019 оны дэлхийн залуучуудын аварга, 2018 оны U23 дэлхийн аваргын мөнгөн медальт, 2017 оны Дэлхийн Цомын аварга Японы Ханаи Акиэтай барилдаж, 0:6 ялагдлаа.
Дагах барилдаанд Казахстаны Диана Каюмоватай барилдаж, 6:0 яллаа.
Хүрэл медалийн төлөө АНУ-ын Майя Нельсонтой барилдаж, 4:3 ялалт байгуулж, дэлхийгээс 3 дахь медалиа зүүлээ.
72 кг-д Энх-Амарын Даваанасан 2019 оны Нурсултаны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, 2019 оны U23 дэлхийн аварга, Японы Фүрүичи Масакотой эхний барилдаанаа хийж, 0:6 хожигдсон.
Э.Даваанасан дагах барилдаанд Энэтхэгийн Дивья Каркантай барилдаж, 6:2 яллаа.
Хүрлийн төлөө Германы Анна Шеллтэй өрсөлдөж, цэвэр ялагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )