Норвегид болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Евгений Жербаев өнөөдөр Буриад нутагтаа харилаа.
Түүнийг нисэх буудал дээр гэрбүлийнхэн, Чөлөөт бөхийн холбоо, бөх сонирхогчид хадаг барин, ёслол төгөлдөр хүлээн авсан байна.
Буриад бөх хамгийн сүүлд 1993 онд дэлхийн аваргаас медаль хүртэж байлаа. Домогт Борис Будаев 1989 онд дэлхийн аварга болж байсан бол Сергей Замбалов 1993 онд хүрэл медаль хүртэж байсан. 2007 онд Базар Базаргуруев хүрэл медаль авсан ч тэр Киргизийн далбаан дор барилдаж байсан юм.
Буриадын спорт бөхийн холбооны ерөнхийлөгч Чимит Бальжинимаев “Буриадчууд ДАШТ-ий медалийг олон жил хүлээсэн. Женягийн энэ хүрэл медаль бол зөвхөн эхлэл гэж найдаж байна. Булган сүүлтэй медаль байх болтугай. Буриад орон бүгд чамайг дэмжиж байлаа. Улаан-Үдэд бэлтгэл хийгээд ямар том амжилтад хүрч болдгийг чи харууллаа. Чи бол буриад залуус, хүүхэд багачуудын үлгэр дууриал” гэж хүлээн авах ёслол дээр хэллээ.
Харин Буриадын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Цыбик Максаров Жербаевын медалийг “Алтан өнгөтэй хүрэл медаль” гэж нэрлэсэн юм.
Евгений Жербаев “Дэлхийн аваргын медаль авсандаа баяртай байна. Одоо шууд бэлтгэлдээ ормоор санагдаж байна. Юуны өмнө аав, ээждээ баярлалаа гэж хэлье. Дараа нь Валерий Николаевич багшдаа баярлалаа. Та намайг амжилт гаргана гэдэгт үргэлж итгэдэг байсан. Цыбик Максаров багштай хамт явахад дандаа л медальтай ирдэг, танд баярлалаа. Миний дараагийн зорилго 2022 оны Европын АШТ-ий сонгон шалгаруулалтад амжилттай оролцох. Энэ медалиа би 2017 онд тэнгэрийн оронд одсон өвөөдөө зориулж байна. Өвөө минь намайг сайн бөх болно гэж итгэдэг, дэмждэг байсан” гэж хэллээ.
Олимпын наадамд оролцохын тулд Евгений 74 кг-д шилжихээр төлөвлөж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Буриад, тува, халимгууд чинь яг манайхантай адил эргүү бөхчүүдэд ухаанаа алдчмхдаг. Тэглээ гээд хөгжсөн юм алга лбайна.
Ха ха, энэ буриадууд чинь манайхнаас дутахгуй бех гэж мэдрэлтэж, туйлширдаг гарууд уу угуй юу