Мэргэжлийн сүмогийн 51 дэх ёкозүна Таманоүми энэ ертөнцийг орхисноос хойш 50 жил өнгөрчээ. Өнөөдөр Аичи мужийн Гамагори хотын Тэнкэйин сүм дэх шарил дээр нь аваргын дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо. Ёслолд Гамагори хотын дарга Сүзүки Хисааки тэргүүтэй 50 гаруй хүн оролцлоо.
Ёкозүна Таманоүми 1971 оны аравдугаар сарын 11-нд 27 настай, цэл залуудаа харамсалтайгаар нас барсан билээ.
1971 оны долоодугаар сарын тэмцээнд 15 даваатай түрүүлсэн Таманоүми Зуны тойргийн барилдааны үеэр мухар олгойн хурц үрэвсэл болж, чөлөө авсан ч бие нь сайжирсангүй. Эмч нар яаралтай мэс засалд ор гэж шахлаа. Гэвч Таманоүми “Хэрэв мэс засал хийлгэвэл, Намрын тэмцээнд орж чадахгүй. Энэ нь ёкозүна цолтны үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Мөн Намрын тэмцээний дараа Тайхо аваргын зодог тайлах ёслолын барилдаантай. Энэ ёслолд ч ёкозүна хүний хувьд оролцох ёстой” гээд татгалзжээ. Ингээд өвчин намдаагч тарисаар Намрын тэмцээнд зодоглож, хавиргаа хугалсан ч 12 давж чадлаа. Энэ нь түүний хувь заяаг шийдсэн гэхэд болно.
Аравдугаар сарын 2-нд Тайхо аваргын сүүлийн дохёнд гарах ёслолд сэлэм баригчийн үүрэг гүйцэтгээд маргааш нь болсон Асасэгавагийн зодог тайлах барилдаанд мөн гарлаа. Энэ ёслолд оролцоод шууд эмнэлэг явж, мэс засалд орсон ч хэвлийн хөндийн үрэвсэл гэж оношлогдон, биеийн байдал хүнд байсан байна. Гэхдээ хагалгаа амжилттай болж, 12-ны өдөр эмнэлгээс гарах ёстой байв. 11 дүгээр сарын тэмцээнд барилдах эсэх нь мэдэгдэхгүй байсан ч “Эмнэлгээс гараад шууд бэлтгэл хийж чадахгүй байх. Гэхдээ тойргийн барилдаанд заавал оролцож, ядаж мэндчилгээ хийхгүй бол болохгүй” гэж ярьж байжээ. Харамсалтай нь 11-ний өдрийн 11 цагийн орчим нүүр гараа угаагаад ирэхдээ гэнэт цээжээ даран унасан байна. Эмч нарыг ирэхэд царай нь хөхөрч, ухаангүй байсан бөгөөд аврахаар оролдсон ч 11,30 цагт нас баржээ. Амьсгал хураан хураатлаа ёкозүнагийн үүрэг, хариуцлага гэж байсан Таманоүми аваргыг Японы Засгийн газраас Ариун эрдэнэсийн одонгоор нэхэн шагнасан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Тэнэг хүн юм даа. Хайран амь нас.
Чамд л хамаагүй юм байлгүй.надад бол сонирхолтой мэдээлэл байна
Энэ Сугар-Эрдэнэ гээч нехер бехийн дон тусаад солиорч байх шиг, бехтэй л холбоотой гэхээс хаа хамаагуй, хэнд ч хэрэггуй, маньд огт падгуй юм их бичих болж дээ, сэтгэц нь лав зугээргуй ээ