Норвегийн Ослод болсон бөхийн төрлийн ДАШТ-д ОХУ-ын баг 4 алт, 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 4-т орлоо. Нэгдүгээр байрт Иран (7-3-3), хоёрт АНУ (5-5-5), гуравдугаар байрт Японы баг (5-3-4) орлоо.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили РИА агентлагт ярилцлага өгөхдөө шигшээ багийн үр дүнг сайтар судлаж, арга хэмжээ авна гэж ярьжээ.
Тэрээр “Энэ ДАШТ дараагийн олимпын наадмын шигшээ багийн урьдчилсан үзлэг болсон гэхэд болно. Асуудал их байна. Ойрын 14 хоногт бид үр дүнг задлан шинжилж, 24-нд болох Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэнэ. Хэд хоносон ч хамаагүй, сайтар ярилцана. Үндсэн шигшээ баг Осло яваагүй ч гэсэн явснууд нь өрсөлдөх чадвартай байх ёстой. Өрсөлдөөн нэмэгдэж байна. Бид тэр өрсөлдөөнд зохицохын тулд шигшээ багт өөрчлөлт хийнэ. Өмнө нь хүрсэн амжилт хангалтгүй болжээ. Олимпын шинэ цикл эхэлсэн” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )