“Pandora Papers” шашны байгууллагын санхүүгийн луйврыг илчлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумоос /ICIJ/ ил болгосон “Pandora Papers” бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргээр олон улсад дуулиан тарьсан “Христийн Легион” Ромын католик бүлгийн эзэмшиж буй итгэмжлэгдсэн компаниуд АНУ-ын Флорида, Техас, Айова, Индиана, Иллиноис зэрэг мужид олон тооны үл хөдлөх хөрөнгө эзэмшин, түрээсийн бизнесээр олон зуун сая ам.долларын  орлого олж буй санхүүгийн луйврыг илчилжээ.

2010 онд Ватикан тус шашны бүлгийн үйл ажиллагааг зогсооно гэж мэдэгдсэний дараахан “Христийн Легион” Шинэ Зеландад “Retirement and Medical Charitable Trust”, “AlfaOmega Trust” болон “Salus Trust” нэртэй гурван итгэмжлэгдсэн компани байгуулж, олон сая ам.доллар шилжүүлжээ. Хуврагуудын бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид тус бүлгээс санхүүгийн нөхөн олговор олгохыг шаардах үед “AlfaOmega Trust” болон “Salus Trust” хоёр оффшор компанид  “Христийн Легион”-ы 300 сая ам.доллар байршиж байжээ. “Христийн Легион”-ы зүгээс тус бүлэгт харьяалагдах гурван итгэмжлэгдсэн компанийн хоёрынх нь үйл ажиллагааны талаар мэдэхгүй гэсэн тайлбарыг ICIJ өгсөн байна. Харин “AlfaOmega Trust” болон “Salus Trust” компанийг тус бүлгийн гол удирдагчдын нэг Луис Гарза Мединагийн гэр бүл /Мексик/ санхүүжүүлдэг болохыг илрүүлжээ. Гарзагийн хэвлэлийн төлөөлөгч эдгээр итгэмжлэгдсэн компаниуд зөвхөн буяны үйл ажиллагаа явуулж, ахмад настай хуврагуудыг дэмждэг гэж мэдэгдсэн байна.

“Христийн Легион” католик бүлгийг Мексикийн хуврага Маршиал Мачиел 1941 онд үүсгэн байгуулжээ. Эрэн сурвалжлагч Жэйсон Берригийн хэлснээр, Мачиел нь орчин цагийн сүмийн агуу их хөрөнгө босгогч, гэмт хэрэгтэн гэв. “Христийн Легион”-ы гишүүдийн хувьд тэрбээр харин “амьд гэгээнтэн”. 1997 оны эхээр Берри, Мачиелтэй холбоотой бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийг илчилж байв. 2006 онд Ватикан түүнтэй холбоотой 100 орчим бэлгийн хүчирхийллийн хэргийг тогтоож, түүнийг шашны үйл ажиллагаа явуулахыг хориглож байв.

Маршиал Мачиел /зүүн/

“Христийн Легион” бүлгийн түнш “Pensam Capital” үл хөдлөх хөрөнгийн компани  2008 оны санхүүгийн хямралын үед дэлхийн үл хөдлөх хөрөнгөний зах зээл рүү олон тэрбум ам.доллар цутгасан хөрөнгө оруулагч компаниудын нэг. “Pensam Capital” компани өөрийн цахим хуудсандаа 2009 оноос хойш түрээсийн үл хөдлөх хөрөнгөд нийт 3.5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан гэж бичсэн байдаг.

“Христийн Легион”-ыг тойрсон шуугиан дэгдэх үед тус бүлгийн Шинэ Зеланд дахь оффшор компаниудын хоёр нь хөрөнгөө АНУ-д түрээсийн үл хөдлөх хөрөнгө болгон хувиргажээ. “Pensam Capital” компаниар дамжуулан дээрх итгэмжлэгдсэн компаниуд Флорида, Техас, индиана, Иллионис, Айова мужуудад дор хаяж найман орон сууцны цогцолбор худалдан авчээ. Үүнээс гадна, “Христийн Легион”-ы итгэмжлэгдсэн компаниуд нөхөн сэргээх сүлжээ төв, Техаст төвтэй эрүүл мэндийн хэрэгслийн компани болон Мексикийн биологийн идэвх бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зэрэг компаниудад хөрөнгө оруулсан байна. Эдгээр итгэмжлэгдсэн компаниудын бүтэц нь “Христийн Легион”-той ямар ч холбоогүй мэт харагдахаар зохион байгуулагдсан байна.

АНУ-д хөрөнгө оруулахын тулд итгэмжлэгдсэн компаниуд Делавер дэх “Lowndes Holdings Inc.” Халхавч компанийг ашигладаг байжээ.

ICIJ-ийн олж авсан АНУ-ын татварын албаны баримтаас үзвэл, “Retirement and Medical Charitable Trust” компани цэвэр буяны/шашны байгууллага тул татвараас чөлөөлөгддөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top