“Pandora Papers" АНЭУ-ын шейхүүдийн оффшор дансыг илчлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум /ICIJ/-оос нийтэлсэн Пандорагийн баримт бичигт Арабын Нэгдсэн Эмирт Улсын шейхүүдийн гэр бүлийн гишүүдийн оффшор бүс дэх мөнгөн урсгалыг дэлгэжээ.

Тухайлбал, АНЭУ-ын Ерөнхий сайд бөгөөд Дубай хотын захирагч Мухаммед бин Рашид Аль Мактум Британийн Виржинийн арлууд, Багамын арлуудад оффшор үйлчилгээ авдаг тухай өмнө мэдээлж байсан юм. Харин энэ удаад ICIJ, АНЭУ халхавч компаниудыг урин, дотоодын чөлөөт худалдааны бүсүүддээ үйл ажиллагаа явуулахыг санал болгодог байсныг ил болгожээ. Ингэснээр тус компаниудын ажиллах “сүүдрийг” өргөжүүлдэг байна.

АНЭУ-д үйлчлүүлэгчдэдээ халхавч компани байгуулж, бүртгүүлэхэд нь туслалцаа үзүүлдэг олон мянган компаниуд төвлөрчээ. Оффшор компаниудыг Абу Дабигийн угсаа залгамжлах хунтайжийн дүү Хазза бин Заид Аль Нахян, Тахнуна бин Заид Аль Нахян нар эзэмшдэг байна.

2016 онд Абу Даби, Дубайд офисстой “Hadef & Partners” компани шейх Хаззад АНЭУ-д “Loomington Investments Ltd” нэртэй компани бүртгүүлэхэд нь туслалцаа үзүүлж байжээ. Баримт бичгүүдээс үзвэл, Хазза Британийн Виржинийн арлууд, Сейшелийн арлуудад ижил нэртэй хоёр компани эзэмшдэг байна. Тэрбээр Сейшел дэх компаниар дамжуулан АНЭУ дахь компанид хувьцаа шилжүүлж байсан байна. Оффшор компаниудыг Сейшелийн арлуудад үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилгоор байгуулсан гэж баримтад дурджээ.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум буюу “ICIJ” байгууллага аравдугаар сарын 3-нд гарагт дэлхийн 90 гаруй орны 300 гаруй улстөрч, төрийн албан хаагч, нөлөө бүхий хүмүүс, тэрбумтнууд болон үндэстэн дамнасан том корпорацуудын оффшор дансны мэдээллийг агуулсан 2.94 терабайт бүхий 11.9 сая файл баримт бичиг болох “Pandora Papers”-ыг ил болгосон.  Үүнд дэлхийн 46 улсад 77 оффистой, 7000 гаруй ажилтан бүхий АНУ-ын үндэстэн дамнасан “Baker McKenzie” хуулийн фирм улстөрчид болон том корпорацуудад татвараас зайлсхийхэд нь тусалдаг талаар мэдээлэл багтсан юм.

Top