Арабын Нэгдсэн Эмирт Улс шинэ хууль боловсруулах, үйлчилж байгаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад дэлхийд анх удаа хиймэл оюун ухаан ашиглахаар төлөвлөж байгаа тухай Financial Times сонин мэдээлжээ.
АНЭУ энэ технологийг хөгжүүлэхэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан ажээ. “Хиймэл оюун ухаанд суурилсан хууль тогтоох шинэ систем нь хууль гаргах үйл явцыг өөрчилж, илүү хурдан, өндөр нарийвчлалтай болгоно” гэж тус улсын ерөнхий сайд Мухаммед бен Рашид Аль Мактум тэмдэглэсэн байна.
Хууль тогтоох үйл явцад шинэчлэлийг тогтмол нэвтрүүлэх хиймэл оюун ухаан нь хууль боловсруулах үйл явцыг 70% хурдасгана гэж АНЭУ-ын засгийн газар үзэж байгаа ажээ. Холбооны улсын болон орон нутгийн хууль тогтоомж, шүүхийн шийдвэр, төрийн үйлчилгээний талаарх асар том мэдээллийн сан бүрдүүлэх замаар тус улсын хүн ам болон эдийн засагт хуулиуд хэрхэн нөлөөлж байгааг хянахаар төлөвлөж байгаа юм байна.
Судлаачдын үзэж байгаагаар, үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй олон асуудал, занга үүсэж болзошгүй аж. Хиймэл оюун ухаан нь хэрэглэгчдэд ойлгомжгүй байх магадлалтай гэнэ. Технологи нь хуулийг хүн шиг тайлбарлах уу гэсэн асуулт ч гарах юм. Хиймэл оюун ухааны загварууд нь гайхал төрүүлж байгаа хэдий ч доголдол гарах, найдвартай, тогтвортой байж чадахгүй байх тохиолдол гарсаар байгаа ажээ. Эн тэргүүний хэрэгцээнд нийцүүлэн хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийг урьдчилан таамаглахад хиймэл оюун ухааныг ашиглах асуудлыг тусгасан АНЭУ-ын энэ төлөвлөгөө нь онцгой шинэлэг зүйл юм гэж судлаачид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )