Арабын Нэгдсэн Эмирт Улс ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас энэ оны тавдугаар сарын 1-ээс гарахаа мэдэгджээ.
АНЭУ-ын энэхүү шийдвэр нь урт хугацааны эрчим хүч, газрын тос болон бусад салбарын стратеги, эдийн засгийн стратегид нийцэж байна гэж тус улсын эрчим хүчний сайд Сухейл аль-Мазруи мэдэгджээ. Ингэхдээ тус улс ОПЕК, ОПЕК+ бүлгийн бусад гишүүн орнуудтай зөвлөлдөөгүй байна.
АНЭУ нь ойрын ирээдүйд дэлхийн зах зээлд түлшний эрэлт өснө гэж тооцоолж байгаа бөгөөд энэхүү эрэлтийг хангахад бэлэн байна гэж аль-Мазруи онцолжээ.
Тус улс ОПЕК, ОПЕК+ эвслээс гарсны дараа хариуцлагатай бодлого баримталж, дэлхийн газрын тосны зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийг харгалзан зах зээлийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.
Түүнчлэн, АНЭУ нь үндэсний эрх ашиг болон хөрөнгө оруулагч, түнш болон дэлхийн эрчим хүчний зах зээлийн өмнө хүлээсэн үүрэгтээ гол анхаарлаа төвлөрүүлнэ. Тус улс байгалийн баялгийг боловсруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, солонгоруулахад чиглэсэн олон талт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх бөгөөд ОПЕК эвслээс гарснаар зах зээлийн өөрчлөгдөн буй хэрэгцээнд шуурхай хариу арга хэмжээ авах чадвар нь нэмэгдэнэ гэж үзэж байна.
АНЭУ-ын тус бүлгээс гарч буй асуудлыг зургаадугаар сарын 7-нд товлогдсон ОПЕК+ бүлгийн гишүүн орнуудын сайд нарын уулзалтаар хэлэлцэх хүлээлттэй байна.
АНЭУ нь ОПЕК, ОПЕК+ гарснаар тус эвслийн хүчийг сулруулна гэж шинжээчид үзэж байна.
Тус улс олборлох хүчин чадлынхаа ихэнх хэсгийг квотын үйлчлэлээс гаргахын зэрэгцээ ОПЕК+ бүлгийн тогтвортой байдлыг сулруулж байна. Эмирт Улс тус эвслийн бусад гишүүн орнуудын тогтоосон үнийн түвшинг ашиглан олборлолтоо нэмэгдүүлэх эсвэл эсрэгээр илүүдэл нийлүүлэлт үүсгэх замаар үнийг бууруулах боломжтой болно. ОПЕК+ нь үйл ажиллагааны уялдаан дээр тогтдог бөгөөд томоохон тоглогч гарснаар энэхүү механизмын үр нөлөөг буруулна гэж шинжээчид онцолж байна.
АНЭУ-ын энэхүү шийдвэр нь газрын тосны зах зээлийн өөрчлөлтийг эхлүүлэх чадвартай улс төрийн бөгөөд эдийн засгийн алхам.
Улс төрийн хувьд, энэ нь Иран дах цэргийн ажиллагаанд үзүүлж буй хариу үйлдэл бөгөөд Саудын Араб зэрэг Арабын холбоотнуудын дэмжлэгт урам хугарсан нь байдлыг илэрхийлж байна. Эдийн засгийн хувьд, асар их нөөцтэй тус улс ОПЕК+ хүрээнд тогтоодог квотоос болж их хэмжээний орлогоо алдах хүсэлгүй байгаа бөгөөд олборлолтод оруулсан хөрөнгө оруулалтын ашгаа нэмэгдүүлэхийг зорьж байна.
АНЭУ-ын эл алхам тус бүлэгт хагарал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )