Pandora Papers: Бурхдаар халхавчилсан луйврын схем илчлэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Оффшор компаниудыг урлагийн бүтээл болон эртний эдлэлийн хууль бус наймаанд ашиглаж буйг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумоос ил болгосон сүүдрийн санхүүгийн схемийг илчилсэн “Pandora Papers” баримтад дурджээ.

Эдгээр үнэт бүтээлийн зарим нь Нью Йорк дахь Метрополитен музей, Британийн музей, Австралийн Үндэсний галерей зэрэг дэлхийд алдартай музейн цуглуулгад хадгалагдаж буй нь илэрчээ.

Пандора баримтад дурдсанаар Кхмерийн олон тооны урлагийн бүтээлийг Камбож улсаас хууль бусаар хил давуулсан байна. Энэ хэргийн гол эзэн болох урлагийн бүтээл цуглуулагч Дуглас Лэтчфорд гэгч Кхмерийн ариун сүм, хийдийг тонон дээрэмдэгч гэмт бүлэглэлийн сүлжээтэй хамтран тус улсын баялгийг хууль бусаар хил давуулдаг байжээ. Кхмерийн үнэт урлагийн бүтээлийн гарал үүслийг болон эдгээрийг борлуулж олсон орлогоо нуун дарагдуулах үүднээс тэрбээр Жерси аралд хоёр итгэмжлэгдсэн компани байгуулж, хинду шашны бурхдын нэрээр “Сканда”, “Шива” гэж нэрлэсэн байна. Пандора баримтаас үзвэл урлагийн бүтээлүүдийн ихэнхийг дэлхийд алдартай музейнүүдэд худалджээ. Музейнүүд хожим нь эдгээр бүтээлүүдийг тус улсын Засгийн газрын зөвшөөрөлтэй хилээр гаргасныг нотлох баримт бичиг бүрдүүлж чадаагүй байна.

Дуглас Лэтчфорд Камбожийн Үндэсний музейд, 2009 он

2019 онд АНУ Лэтчфордын эсрэг хэрэг үүсгэхэд түүний гараар орсон зуун зуун эртний эдлэлийг тогтоож, эргүүлэн өгөх боломжтой болжээ. Прокурорууд сүүлийн 40 жилийн турш түүний эл хууль бус наймаанаас олсон орлого, эд хөрөнгийг хураан авахыг шаардаж байсан байна. Гэвч тухайн үед 88 настай Лэтчфорд нас барж, хулгайлагдсан үнэт бүтээл, эртний хэрэглэл, хууль  бус наймаанаас олсон мөнгө хаачсан гэх асуултыг хариултгүй үлджээ. Харин энэ асуултын хариултыг Лэтчфорд болон түүний гэр бүлийн эзэмшдэг оффшор компаниудын нууцыг тайлсан “Pandora Papers” орсон баримт бичгээс олно гэж үзэж байна.

Лэтчфордын охин Жулиа Лэтчфорд энэ жил эцгийнхээ хувийн цуглуулгад үлдсэн 100 гаруй хүрэл, элсэн чулуу, зэс, алтан эд өлгийн зүйлсийг буцааж өгөхөө амлажээ. Өнгөрсөн долоо хоногт эхний таван бүтээл эх орон болох Камбож улсад эргэн иржээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум /ICIJ/ болон “The Washington Post” сонинд хаягласан захидалд Жулиа Лэтчфордын өмгөөлөгчид Жулиа нь эцгийнх нь цуглуулга хуулийн дагуу бүрдсэн гэж итгэдэг байсан тухай бичсэн байна.

Кох Кер сүмийн хулгайлагдсан баримал

Хуульч, археологич Тесс Дэвисийн явуулсан судалгаанаас үзвэл 1988 оноос 2010 оны хооронд “Sotheby’s” дуудлага худалдааны ордон Камбожийн нийт 377 шашны эл өлгийн зүйлийг худалдаалжээ. Ингэхдээ эдгээр бүтээлийн 71 хувийнх нь гарал үүслийн түүхийг мэдээлээгүй байна. Түүнчлэн, музей, галерей, дуудлага худалдааны орднууд урлагийн бүтээл, эд өлгийн зүйлсийг эх оронд нь буцаан өгөхдөө хойрго ханддаг болохыг Пандора баримтууд илчилжээ. Тухайлбал, Кох Кер сүмийн элсэн чулуун баримлууд 20 жилийн турш Метрополитен Урлагийн музейн Азийн урлагийн галерейн үүдийг манан, сөгдөн суужээ. Эдгээр баримал хулгайлагдсан гэдэг нь илт байсан гэж зарим урлаг судлаачид ярьж байна. Камбожийн ширэнгэ дэх Х  зууны Кох Кер сүмийн эдгээр маш уран, нарийн хийцтэй баримлуудыг тус музей хэсэг хэсгээр нь худалдан авчээ. Хууль бус наймаачид том оврын баримал, хөшөөнүүдийг хэсэг хэсэг болгон хувааж, тээвэрлэдэг байна. Лэтчфорд болон “Spink & Son” дуудлага худалдааны ордон 1987 онд нэг хөшөөний толгойг хандивлаж, 1992 онд Лэтчфорд их биесийг нь хандивласан аж. Хоёр дахь хөшөөний толгойг өөр хандивлагчаас авч байжээ.

Кох Кер сүмийн баримлууд

Пандора баримтад дурдсанаар, АНУ-ын музейнүүдийн холбоо музейнүүдэд хадгалагдаж буй урлагийн бүтээл, эд өлгийн зүйлсийн гарал үүслийг сайтар судлан, импорт, экспортын зөвшөөрөл зэрэг тухайн үзмэрийн түүхийг баталгаажуулсан баримт бичгийг эрэлхийлэхийг зөвлөж байжээ. Олон жилийн туршид оффшор компаниуд урлагийн бүтээлийн цуглуулагч, худалдаачдад хууль бус схемд оролцох боломж олгож, ингэснээр мөнгө угаах, урлагийн бүтээлийн үнийг хөөрөгдүүлэх, өмчлөх эрхэнд халдаж, татвараас зайлсхийдэг байсныг Пандора баримтууд ийнхүү илчилжээ. Эдгээр оффшор компаниуд Лихтенштейн, Панам, Кайманы арлууд зэрэг улс, бүс нутагт байрладаг байна.

Кхмерийн олон мянган хулгайлагдсан урлаг, шашны эд хэрэглэл үгүй хэвээр. Камбожийн археологичид тус улсын тоногдсон олон мянган сүм, хийдийг сэргээн засварлах нөр их үйл явцыг эхлүүлээд байна. Тэдний нэг археологич Тхах Пханит Камбожийн эд өлгийн зүйлсийг эзэмшиж буй байгууллага, хувь хүнээс баялгаа эгүүлэн авахад нь тус болно гэсэн найдвар тээн Кох Кер сүмийн малтлагад оролцон, баримт нотолгоо хайж байна. Алдагдсан бурхдын баримал нь сүм, хийдийн амин сүнс юм гэж Пханит онцолжээ. Шашин, эд өлгийн зүйлсээ эргүүлэн авснаар өвөг дээдсийнхээ сүнсийг эх нутагт нь авчрах юм гэж тэрбээр ярьж байна. Тэр болтол Камбожийн Үндэсний музейн хоосорсон тавиурууд тоосонд дарагдсаар л.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.40.1) 2021 оны 10 сарын 11

HUZUUGUI HULGAICH ELBEGDORJIIG ODOO BARIJ HORI.

0  |  0
(192.82.75.54) 2021 оны 10 сарын 11

elebegiin hujaanuud ch heden muzeig zuusunduu,hamag altan burhanig ni amerik gargaj hayasan,

0  |  0
Top