Энэ сарын 3-нд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум /ICIJ/ “Pandora Papers” буюу Пандорагийн баримтыг ил болгосон билээ. Нийт 11.9 сая нууц баримтаас бүрдсэн сүүдрийн эдийн засаг, санхүүгийн луйврыг илчилсэн “Пандорагийн баримт нь 117 орны 600 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлчийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд дэлхийг хэрсэн луйврын схемийг илчилсэн хэмжээ, далайцаараа хамгийн том төсөл болсон юм.
Пандорагийн баримт, Панамын баримтаас ямар ялгаатай вэ?
Тоо хэмжээ, цар хүрээ. Панамын баримтууд оффшор үйлчилгээ үзүүлдэг нэг компанийн мэдээлэлд тулгуурласан бол Пандорагийн баримтууд 14 ийм компанийн баримтууд дээр тулгуурласан байна. Эрэн сурвалжилга 27 мянга гаруй компани болон 29 мянган халхавч компанийн жинхэнэ эздийг илчилсэн нь Панамын баримтад ил болгосон нууц эздийн тооноос хоёр дахин их юм. Түүнчлэн Панамын баримтуудыг бодвол Пандорагийн баримтууд оффшор үйл ажиллагаанд холбогдсон хоёр дахин олон тооны улстөрч, нийгмийн зүтгэлтнүүдийг илчилснээрээ ялгаатай.
Яагаад ““Pandora” Papers” гэж нэрлэсэн бэ?
Энэхүү төслийг “Пандорагийн баримтууд” гэж нэрлэсэн нь ICIJ –ийн тэргүүлсэн өмнөх хамтын ажиллагааны үр дүн болох “Panama Papers” буюу Панамын баримтууд болон “Рaradise Papers” буюу Диваажингийн баримтууд дээр тулгуурласан үргэлжлэл нь юм. Эртний домогт өгүүлснээр Прометей Олимпын уулнаас гал хулгайлан, хүн төрөлхтөнд өгөхөд Зэвс бурхан хилэгнэж, анхны эмэгтэй хүн болох Пандораг бүтээн Прометейн ах Эпиметейд бэлэглэж, өшөөгөө авна. Пандора өөрт нь хадгалуулсан өвчин, зовлон, үхэл болон бүхий л муу, муухайг агуулсан савыг нээж, энэ бүгд ертөнц даяар тархдаг. Пандора савыг даруй хаасан бөгөөд ёроолд нэг зүйл үлдсэн нь “найдвар”. Найдвар гэж ихэнхдээ орчуулагддаг ч “хоосон найдвар” гэсэн сөрөг утгыг мөн агуулдаг байна. Орчин цагт “Пандорагийн хайрцгийг нээх” гэсэн хэллэг нь гэнэтийн том асуудлын эх үүсвэр эсвэл үнэт мэт санагдсан бэлэг нь бодит байдал дээр хараал байх утгыг илэрхийлдэг болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )